З.Цогтгэрэл: Багш нарын хугацаагүй ажил хаялтад нийслэлийн 78 сургууль, 160 гаруй цэцэрлэг нэгдээд байна

З.Цогтгэрэл: Багш нарын хугацаагүй ажил хаялтад нийслэлийн 78 сургууль, 160 гаруй цэцэрлэг нэгдээд байна

Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэвлэлийн хурал хийж, багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл өглөө.

Монголын Боловсол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл "Монголын нийт багш ажилчдын хөдөлмөрийн хөлсийг жил бүр 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой асуудлыг жил бүрийн улсын төсөвт тусгуулна гэх заалт бий. 2026 оны төсөвтэй холбоотойгоор бид бүхний тэмцэл хөдөлгөөн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Бидний тэмцэл юуны өмнө Боловсролын яамтай харилцаж гурван удаа бичиг явуулсан. Гэвч бидэнд тодорхой хариу өгч, арга хэмжээ аваагүй. Ийнхүү бид дараагийн үйл ажиллагаа болох бүлгийн дарга нарын хурлыг хийж тэдгээр хүмүүст ирүүлсэн багш нарын нөхцөл байдлын талаар танилцуулсан уулзалт болсон. 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан тул цалин хөлсний асуудлыг ярихгүй бол болохгүй гэсэн гол үндсэн шаардлага байсан. Багш ажилчдын цалинг нэмэх тухай ажлын хэсэг байгуулагдсан ч тэдний дүгнэлтээр багшийн үндсэн цалин өөрчлөгдөхгүй гэсэн. Бид бүхний хүсэл шаардлага огт хангагдаагүй. Энэ бүхний дараагаас жагсаал цуглаан эхэлсэн. Жагсаалаар бид бүхэн шаардлагаа хүргүүлсэн юм. Аравдугаар сарын 5-нд шаардлагын хариу ирэх байсан боловч УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдад өгсөн шаардлагуудын хариу ирээгүй. Таван өдрийн турш 5000 гаруй багш талбай дээр сууж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн. Зуучлалын шат үр дүнд хүрээгүй тул бид дараагийн шат болох ажил хаялт руу шилжиж байна. Ажил хаялт аравдугаар сарын 9-нд албан ёсоор тооцогдож эхлээд ажлын таваас доошгүй хоногийн өмнө зарлах ёстой. Нийслэлийн хэмжээнд 78 сургууль, 160 гаруй цэцэрлэг ажил хаялтад нэгдэж аравдугаар сарын 16-наас ажил хаялтад нэгдэхээр хүсэлтээ ирүүлсэн. Орон даяар бусад сургууль цэцэрлэгүүд ч нэгдсээр байх болно. Багш нарыг хууль зөрчиж байна гэж байна. Гэвч төр өөрөө хуулиа зөрчсөн. Маргалдагч хоёр тал хэзээ зөвшилцөлд хүрч, нэмэлт хэлэлцээр хийнэ тэр үед л ажил хаялт зогсоно" гэлээ.