Монгол Улсын Засгийн газар Европын холбоо болон ЕХОБ-ын дэмжлэгээр нэг тэрбум еврогийн санхүүжилт олгох хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулна гэж Монцамэ агентлаг мэдээллээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр энэ хамтын ажиллагаа нь дижитал шилжилт, уур амьсгал, эрчим хүч, тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг тэргүүлэх чиглэлд төвлөрч, Монгол Улсын ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих чухал алхам болох юм. Тус санамж бичигт ЕХОБ-ын Дэд ерөнхийлөгч Тереза Червинска, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо болох “Монгол-Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр гарын үсэг зурна.
Монгол Улс, ЕХОБ-ын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагаа, боломжийн талаар санал солилцохоор Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ)-ны Дэд ерөнхийлөгч Тереза Червинска Монгол Улсад ажлын айлчлал хийж буйтай холбогдуулан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын тогтвортой хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ногоон шилжилтэд чухал хувь нэмэр оруулахыг онцолжээ.
Монгол Улс ЕХОБ-тай 2014 оноос хойш хамтран ажиллаж, нийт 144 сая еврогийн зээл, тусламжийн санхүүжилт аваад байгаа. Энэ хүрээнд уур амьсгалд тэсвэртэй, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, хотын олон төвт хөгжлийг дэмжиж, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.