СУДАЛГАА: Коронавирусийн халдвар авч ҮНЭРЛЭХ, АМТЛАХ мэдрэхүйгээ алдсан хүмүүст эрдэмтэд юуг ЗӨВЛӨЖ байна вэ

СУДАЛГАА: Коронавирусийн халдвар авч ҮНЭРЛЭХ, АМТЛАХ мэдрэхүйгээ алдсан хүмүүст эрдэмтэд юуг ЗӨВЛӨЖ байна вэ

Коронавирусийн халдвар авсан хүмүүст өвчний хүнд, хөнгөнөөс хамаарч ханиалгах, хоолой өвдөх, цээж давчдах зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрдэг. Тэдгээрийн нэг нь үнэрлэх, амтлах мэдрэхүйгээ алдах.

Тэгвэл халдвар авсан үед үнэр, амт алдагдах шинж тэмдэг хэр түгээмэл тохиолдож буй, мөн хэр удаан үргэлжлэх, хэрхэн эмчлэх талаар олон улсын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн сүүлийн үеийн судалгаануудаас хүргэж байна.

-КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ҮНЭРЛЭХ, АМТЛАХ МЭДРЭХҮЙ ЯАГААД АЛДАГДДАГ ВЭ-

Үнэр, амт алдагдах нь коронавирусийн анхны шинж тэмдэг байх магадлалтай. Саяхан Их Британийн Үндэсний эрүүл мэндийн төв /NHS/-ийн эрдэмтдийн 11,054 хүнд хийсэн судалгаанаас үзвэл үнэр, амт алдагдах шинж тэмдэг нь бусад шинж тэмдгээс ихэнх тохиолдолд өмнө илэрч байжээ.

Тэгвэл коронавирусийн халдварын үед үнэрлэх, амтлах мэдрэхүй яагаад алдагддаг вэ. Энэ талаар “Pharmaceutical-journal”-д нийтлэгдсэн судалгаанд "SARS-CoV-2 вирус нь ACE2  хэмээх хамар, амны эсүүдэд элбэг байдаг уурагтай холбогддог гэжээ. Өөрөөр хэлбэл, коронавирус үнэрлэх, амтлах мэдрэмжтэй холбоотой мэдрэлийн эсүүдэд шууд нэвтэрч орсны улмаас уг шинж тэмдэг илрэх магадлалтай.

Гэхдээ үнэр, амт алдагдах шинж тэмдэг нь зөвхөн коронавирусээр өвдсөн үед тохиолддоггүй. Ердийн ханиад, томуу зэрэг амьсгалын дээд замын халдварын үед хүний үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагддаг нь ховор үзэгдэл биш. Эрдэмтдийн үзэж буйгаар түр хугацаагаар уг мэдрэхүйнүүд алдагдах шинж тэмдэг нь ханиад, синусын халдварын 60 гаруй хувьд тохиолддог байна /хамрын хөндий халдварт өртөж, хавдаж, үрэвсэх үед синусын халдвар үүсдэг/.

Хүний амтлах, үнэрлэх мэдрэмжүүд хоорондоо нягт холбоотой. Үнэр алдагдах нь амтлах мэдрэхүйд ихээхэн нөлөөлдөг. Тодруулбал, амтлах мэдрэхүй алдагдах тохиолдлын 95 хувь нь үнэрлэх мэдрэхүй буурсантай холбоотой аж. Үүний адилаар халдвар авсан хүмүүсийн үнэрлэх мэдрэмж огцом алга болдог бөгөөд энэ үед амтлах мэдрэхүй дагаад суларч, эсвэл бүр алдагддаг байна. 

-ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН ҮНЭРЛЭХ, АМТЛАХ МЭДРЭХҮЙ ДУНДЖААР 28 ХОНОГИЙН ДАРАА БҮРЭН СЭРГЭДЭГ-

“Mayo Clinic Proceedings” сэтгүүлийн эрдэмтэд үнэр, амт алдагдах шинж тэмдэг COVID-19-ийн үед хэр түгээмэл илэрч болохыг судалжээ. Эрдэмтэд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 8 мянга гаруй хүний мэдээллийг харьцуулсан 24 судалгааны үр дүнг харьцуулж үзсэн байна. Ингэхэд,

  • Судалгаанд оролцогчдын үнэрлэх мэдрэхүй алдагдах шинж тэмдэг 3,2-98,3 хувийн хооронд хэлбэлзэж байжээ. Тодруулбал, үнэрлэх чадвар алдагдаг шинж тэмдэг нийт судалгаанд оролцогчдын 41 хувьд нь тохиолдож байсан аж.
  • Харин амтлах мэдрэхүй алдагдах шинж тэмдэг 5.6-62.7 хувийн хооронд хэлбэлзэж, дунджаар 38,2 хувь байжээ.

Мөн тус судалгаанд өндөр настай иргэдэд уг шинж тэмдэг илрэх магадлал бага байгаа талаар дурдсан байна. Тэр ч бүү хэл уг шинж тэмдгүүд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог болох нь зарим судалгаагаар тогтоогджээ.

Тэгвэл коронавирусийн халдварын үед үнэр амт алдагдах шинж тэмдэг хэр удаан хугацаанд үргэлжлэх боломжтой вэ. COVID-19-ийн улмаас үнэр, амт алдагдах шинж тэмдэг амьсгалын дээд замын бусад халдвартай харьцуулахад илүү удаан хугацаанд үргэлжилж байна. Ердийн ханиад туссан үед эдгээр мэдрэхүйгээ алдах шинж тэмдэг ихэвчлэн 3-5 хоног үргэлжилдэг. Харин коронавирусийн үед 8-10 хоног үргэлжлэх боломжтой.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв(CDC)-ийн эрдэмтэд үнэр, амт алдагдах шинж тэмдэг илэрсэн 274 өвчтөнд судалгаа хийжээ. Ингэхэд үнэр, амт алдагдах шинж тэмдгийн илрэх хугацаа дунджаар найман хоног байсан аж.

Үүнийг Европын орнуудад хийсэн судалгаа ч баталсан байна. Тодруулбал, Европын зургаан оронд хийсэн судалгаагаар үнэр, амт алдагдах шинж тэмдэг хоорондоо нягт холбоотой байсан бөгөөд дунджаар мөн л найман хоног үргэлжилж байжээ. Судалгаанд оролцогчдын 98 хувьд эдгээр шинж тэмдэг 28 хоногийн дотор бүрэн арилсан байна. Гэвч сүүлийн үед “long covid” буюу урт хугацааны ковидын үед уг шинж тэмдгүүд илүү удаан хугацаанд үргэлжлэх боломжтой гэдгийг эрдэмтэд хэлж байна.

-ҮНЭРЛЭХ, АМТЛАХ МЭДРЭМЖЭЭ ХЭРХЭН СЭРГЭЭХ ВЭ-

АНУ-ын Нью Йорк мужийн “Mount Sinai” Анагаах Ухааны сургууль, Калифорнийн Их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрдэмтэд халдвараас гадна амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдахад дараах хүчин зүйлс ч мөн нөлөөлдгийг судалгаагаар тогтоож байжээ. Үүнд:

  • Тамхи тогтмол татах
  • Ханиад, томуу, синусын халдвар зэрэг амьсгалын дээд замын бусад халдварын улмаас
  • Харшил
  • Толгойн гэмтэл
  • Паркинсоны хам шинж өвчин, Альцгеймерийн өвчин зэрэг мэдрэлийн эмгэгүүд
  • Зарим төрлийн цусны даралтын эм, антибиотик, антигистамин гэх мэт эмүүдийн нөлөөллөөс,
  • Гипотиреодизм эсвэл Кушингийн хам шинж зэрэг өвчний улмаас дааврын өөрчлөлт гарсан үед,
  • Ам, хамар, хоолойд нөлөөлдөг мэс засал, тухайлбал синусын мэс засал, агт араа авахуулсны дараа
  • Толгой, хүзүүний хорт хавдрын цацраг туяа эмчилгээний үед
  • Зарим төрлийн химийн бодис эсвэл уусгагчийн нөлөөлөл.

Тэгвэл халдвараас шалтгаалсан үнэр, амт алдах шинж тэмдгийг хэрхэн эмчлэх вэ. Коронавирусийн үед үнэр, амт сэргээх тусгай эмчилгээ одоогоор дэлхийн хаана ч гараагүй байна. Харин хэд хэдэн орны эмч, мэргэжилтнүүд дараах зүйлсийг нийтлэг зөвлөжээ. Үүнд:  

  • Өдөр бүр хамраа давстай усаар зайлах
  • Давтамжтай үнэрлэх. Аливаа зүйлийг өдөрт дор хаяж хоёр удаа 20 секунд тогтож, анхааралтай үнэрлэ. Энэ нь үнэрлэх мэдрэмжийг өдөөж өгдөг аж.
  • Байгалийн гаралтай анхилуун зүйлс үнэрлэх. Ихэнх хүн химийн гаралтай хурц үнэртэй зүйлээр үнэрлэх мэдрэхүйгээ шалгахыг оролддог. Гэвч энэ нь эргээд хамрын салстыг цочроох, гэмтээх эрсдэлтэй байдаг аж.
  • Эрүүл хооллох. Зарим хүн амт мэдрэхгүй байгаагийн улмаас эрүүл хоол хүнс хэрэглэхээ больж, хоолондоо давс, өөх тос, элсэн чихэр нэмж эхэлдэг. Энэ үйлдэл удаан хугацааны турш үргэлжилбэл чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Эсрэгээрээ амтлах чадвараа алдсанаар зарим хүний хоолны дуршил буурч сэтгэлийн хямралд ордог байна.
  • Хоолныхоо нэр төрлийг баяжуулах. Энэ онд Америкийн Үнэр ба Амт Ассоциацийн хийсэн  судалгаагаар байгалийн гаралтай олон төрлийн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх нь үнэрлэх, амтлах мэдрэхүйг сэргээхэд сайнаар нөлөөлдөг нь батлагджээ. 
  • Архи согтууруулах ундаа аль болох хэрэглэхгүй байх,
  • Цэвэр агаарт тогтмол гарч байх,
  • Эмчийн тусламж авах. Хэрэв уг шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжилбэл юун түрүүнд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авахыг сануулжээ.

Эх сурвалжNHS.UK, CDC, UCL, Medicalnewstoday, Healthline