СУДАЛГАА: Электрон тамхи "энгийн" тамхины адил УУШГИЙГ ГЭМТЭЭЖ, ДОНТУУЛДАГ

СУДАЛГАА: Электрон тамхи "энгийн" тамхины адил УУШГИЙГ ГЭМТЭЭЖ, ДОНТУУЛДАГ

Сүүлийн үед залуусын дунд электрон тамхи “мода” болоод буй.  Зарим хүн электрон тамхийг энгийн тамхинаас хор хөнөөл багатай учраас хэрэглэдэг гэдэг. Гэвч үнэхээр электрон тамхи энгийн тамхинаас хор хөнөөл багатай байж чадах уу. Тэгвэл бид уг асуултын хариултыг олон улсын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас хайж, дараах мэдээллийг бэлтгэлээ.

-ЭЛЕКТРОН ТАМХИНЫ НАЙРЛАГАД ЭНГИЙН ТАМХИТАЙ АДИЛ ХОРТ БОДИСУУД АГУУЛАГДДАГ-

Электрон тамхи үндсэн дөрвөн найрлагаас бүрдэнэ. Үүнд ус, никотин, амт оруулагч, пропилен гликол эсвэл ургамлын глицериний суурь багтана. Эдгээр үндсэн дөрвөн найрлагыг тус бүрд нь авч үзье.

  • Никотин-Электрон болон уламжлалт тамхинд байдаг донтуулагч бодис. Никотин нь төв мэдрэлийн системийг идэвхжүүлж, цусны даралт, амьсгал, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг. Тархинд никотин ороход допамины хэмжээ нэмэгдэж, сэргэж буй мэт мэдрэмжийг тухайн хүнд төрүүлж, аажмаар биеийг сулруулах зэргээр донтуулах үйлчилгээ үзүүлдэг. Симпатик мэдрэл идэвхжихэд артерийн даралт нэмэгдэх, зүрхний цохилт олширдог. Энэ үйл явц хүнийг тамхитай хамааралтай болгож донтуулна. Улмаар тамхинд донтсон хүн байнга татах зуршилтай болдог.
  • Амт оруулагч-Интоор, наргил мод, шанцай гэх мэт төрөл бүрийн жимс жимсгэнэ, гааны амтыг электрон тамхинд оруулсан байдаг. Эрдэмтдийн тооцоолсноор одоогоор дэлхий дахинд 7000 гаруй нэр төрлийн амт оруулагчтай электрон тамхи худалдаалагдаж байна. Гэхдээ тэдгээр тааламжтай амтыг бий болгохын тулд төрөл бүрийн химийн бодис ашигладаг бөгөөд тус бодисуудыг нэг бүрчлэн жагсаан бичих боломжгүй юм. Гэхдээ амт оруулагч дундаас диацетил гэх химийн бодисоос эмч, мэргэжилтнүүд болгоомжлохыг анхааруулдаг байна. Тус бодисыг ихэвчлэн хүнсэнд цөцгийн тосны амт гаргахад ашигладаг боловч диацетилаар амьсгалснаар уушги гэмтдэг болохыг олон судалгаанд дурджээ.
  • Пропилен гликол (PG)-Энэ бол лабораторид үйлдвэрлэсэн шингэн бөгөөд хиймэл утаа, манан гаргахад ашигладаг.  АНУ-ын Хүнс эмийн удирдах газар/FDA/ тус бодисыг хоол хүнс, эм, гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахад аюулгүй гэж үздэг. Гэвч пропилен гликол нь уушги, нүдийг цочроодог бөгөөд астма, эмфизем зэрэг уушгины архаг өвчтэй хүмүүст илүү хор хөнөөл учруулах өндөр эрсдэлтэйг сануулжээ.
  • Глицерин - Өнгө, үнэргүй шингэн глицерин нь бага зэрэг чихэрлэг амттай оруулдаг. PG-ийн нэгэн адил аюулгүй бодис гэж үздэг. Дээр дурдсан үндсэн найрлагаас гадна электрон тамхинд хорт бодисууд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг.

Америкийн уушгины холбоо/American Lung Association/-оос гаргасан судалгаанд дурдсанаар электрон тамхинд

  • Ацетальдегид, формальдегид- Хорт хавдар үүсгэгч бодисууд
  • Акролеин - үндсэндээ хогийн ургамлыг устгахад ашигладаг
  • Никель, цагаан тугалга, хар тугалга зэрэг хүнд металл
  • Кадми - уламжлалт тамхинд байдаг хорт металл бөгөөд амьсгалын замын өвчин үүсгэдэг
  • Бензол - автомашины утаанаас үүсдэг дэгдэмхий органик нэгдэл (VOC) зэрэг хорт бодисууд агуулагддаг гэжээ.

-ЭЛЕКТРОН ТАМХИНЫ УРТ ХУГАЦААНЫ ҮР НӨЛӨӨГ БҮРЭН СУДЛААГҮЙ БАЙГАА Ч УУШГИНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ ГЭДГИЙГ ЭРДЭМТЭД ХЭЛЖ БАЙНА-

Электрон тамхи нь сүүлийн жилүүдэд дэлгэрсэн учраас эрдэмтэд урт хугацааны үр дагаврыг нь тодорхойлохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатайг хэлж байна. Хэдий уламжлалт тамхинаас бага хэмжээний химийн найрлагатай боловч хавдар үүсгэгч бодис зэрэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг мэргэжлийн эмч нар анхааруулжээ.

Лос Анжелесийн хавдрын тэргүүлэх эмч, доктор Жошуа Мансурын анагаах ухааны “Nature Medicine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Электрон тамхины найрлагад ордог химийн бодисууд нь уушгийг гэмтээдэг” талаар өгүүлсэн байна. Түүнчлэн электрон тамхи уушги гэмтээдэг гэдгийг АНУ -ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв/CDC/-ийн судалгаанд ч дурджээ. Тодруулбал, CDC-ийн бүртгэснээр 2020 оны хоёрдугаар сард 2807 хүн уушгины өвчлөлийн улмаас эмнэлэгт хэвтсэн бөгөөд үүнээс 68 хүн нас барсан байна. Нас барсан хүмүүсийн дунд электрон тамхийг тогтмол хэрэглэдэг хүмүүс цөөнгүй байсан аж.

“Тамхины хяналт” сэтгүүлийн 2018 онд хийсэн судалгаанд дурдсанаар электрон тамхи тогтмол хэрэглэг хүмүүст дараах шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүнд:

  • Ханиалгах
  • Хоолой өвдөх
  • Амьсгал давчдах
  • Толгой өвдөх
  • Толгой эргэх
  • Нүд байнгын аргаж, загатнах, хуурайших
  • Дотор муухайрах. Сонирхолтой нь эдгээр гаж нөлөө электрон тамхийг анх удаа хэрэглэхэд илүү тод илэрдэг боловч тасралтгүй хэрэглэснээр буурдаг аж.

Түүнчлэн “Drug Watch International”-ээс электрон тамхины урт хугацаанд илэрч болох сөрөг нөлөөллийг дараах байдлаар тодорхойлжээ.  

  • Уушгины гэмтэл
  • Амьсгалын замын асуудал
  • Зүрхний шигдээс, цус харвалт
  • Нөхөн үржихүйн асуудал. Түүнчлэн жирэмсэн эх электрон тамхи байнга хэрэглэснээр ураг дутуу төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ.

Түүнчлэн электрон тамхи хэрэглэснээр уушги гэмтэх үед дараах шинж тэмдгүүд илэрдэг байна.

  • Хэвлийн хэсгээр өвдөх
  • Цээжний өвдөлт
  • Ханиалгах
  • Суулгалт
  • Ядаргаа
  • Халуурах
  • Дотор муухайрах
  • Амьсгал давчдах
  • Бөөлжих.

Хэдий электрон тамхи уламжлалт тамхинаас хор хөнөөл багатай хэдий ч хүний эрүүл мэндэд хэзээ ч сайнаар нөлөөлдөггүй. Шүүлтүүртэй, шүүлтүүргүй, зөөлөн, үнэтэй, электрон гээд бүхий л тамхи хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй гэдгийг анхаарна уу.

Эх сурвалж: Drugwatch, Lung.org, Сancer.org, FDA, CDC, Nature Medicine