Нийслэлд орчин үеийн стандарт бүхий, аюулгүй, тасралтгүй урсгалтай авто замын сүлжээг бий болгох, хотын замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг нийт 18 байршилд үе шаттай хэрэгжүүлнэ.
Энэхүү уулзварууд нь Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль (МИС), Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17 дугаар сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг хотын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай зангилаануудыг хамрахаар төлөвлөсөн.
Эдгээр байршилд нийт 9 км авто зам, 4500 метр урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж шинээр барина. Ингэснээр хотын гол чиглэлүүдийн авто замын хөдөлгөөн сааталгүй үргэлжлэх нөхцөл бүрдэнэ. Эхний ээлжид Моносын уулзвар, МИС-ийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун болон зүүн урд уулзвар, Офицерын тойрог, 32-ын тойрогт олон түвшний уулзварын бүтээн байгуулалтыг хийх юм. Өнөөдрийн байдлаар Монос болон МИС-ийн уулзварын зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулж, хөдөлгөөн зохион байгуулалтын эскиз зураг гарган, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн ажиллаж байна. "Монос" болон Механик инженерийн сургуулийн байршлын техник, эдийн засгийн үндэслэлийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж авто замын түгжрэл буурах тооцоо, судалгаа гарсан байна. Түүнчлэн эдгээр олон түвшний уулзвар нь зөвхөн автомашины урсгалд бус, нийслэлчүүдийн ажлын бүтээмж, хотын эдийн засгийн идэвхжилд эерэг үр дүн авчирна.