СУДАЛГАА: Эрдэмтэд ГУРАВ ДАХЬ тундаа дараах вакцин хийлгэхийг ЗӨВЛӨЖ байна

СУДАЛГАА: Эрдэмтэд ГУРАВ ДАХЬ тундаа дараах вакцин хийлгэхийг ЗӨВЛӨЖ байна

Засгийн газрын өчигдөр/2021.07.28/-ийн хуралдаанд “ЭМЯ наймдугаар сардаа багтаан зорилтот бүлэгт коронавирусийн эсрэг вакцины “бүүстер” буюу гурав дахь тунг хийж эхлэх” төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлсэн. Хэдийгээр ДЭМБ-аас гурав дахь тунг хийх зөвлөмж гаргаагүй байгаа ч зарим улс орон аль хэдийн  “бүүстер” тунгаар иргэдээ дархлаажуулж, эрдэмтэд ч судалгаагаа гүнзгийрүүлэн хийсээр байна.

Тэгвэл “гурав дахь” тунгийн талаар олон улсын сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан судалгаанууд хийгээд дэлхийн бусад улс орон ямар вакциныг гурав дахь тундаа ашиглаж буй талаарх мэдээллийг хүргэе.

Манай улс хүн амаа дархлаажуулахдаа дөрвөн төрлийн вакциныг ашиглаж буй. Үүнд:

  1. Их Британийн “АстраЗенека”компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн “AZD1222” “Covishield” вакцин
  2. Америкийн эмийн үйлдвэрийн томоохон компани “Pfizer” болон Германы “BioNTech” компаниуд хамтран “BNT162b2”
  3. ОХУ-д үйлдвэрлэсэн “Спутник V”
  4. БНХАУ-д үйлдвэрлэсэн  “Синифарм” үйлдвэрийн “Вероселл”. Эдгээрээс ДЭМБ-аас “АстраЗенека”, “Pfizer”, “Вероселл” үйлдвэрийн вакцинд зөвшөөрөл олгосон бол хойд хөршийн вакцинд/Спутник V/ хараахан зөвшөөрөл олгоогүй, туршилт судалгааны үр дүнг нь үнэлэх ажлууд явагдаж байна.

 

 

Үйлдвэрийн технологи

Хийх тун

Үр дүн

Хадгалах нөхцөл

Нэг тунгийн үнэ/Импортлогчоос хамаарч үнэ нь янз бүр байж болно/

"АстраЗенека"

Векторийн вируст суурилсан

4-12 долоо хоногийн зайтай-2 тун

70 хувь

2-8 хэм

2.16-5.25 ам.доллар

“Спутник V”

Аденовируст суурилсан

21 хоногийн зайтай-2 тун

91.6 хувь

2-8 хэм

10 ам.доллар

"Файзер"

РНХ уурагт суурилсан

21 хоногийн зайтай-2 тун

95 хувь

-70 хэм

 

14-20 ам.доллар

"Синофарм"

Идэвхигүйжүүлсэн вирус

4 долоо хоногийн зайтай- 2 тун

79-86 хувь

+4+8 хэм

5-32 ам.доллар

Тэгвэл дээрх вакцинуудын хоёр тунг хийлгэсэн бусад орны иргэд гурав дахь тунгаар ямар вакцин хийлгэж байна вэ?

-СИНОВАК /ВЕРОСЕЛЛВАКЦИНЫ ХОЁР ТУН+ГУРАВ ДАХЬ ТУНГААР ФПАЙЗЕР-

“Ройтерс” агентлагт хоёр хоногийн өмнө гарсан мэдээлэлд “Вероселл хоёр тунг хийлгэснээс зургаан сарын дараа вакцины үр дүнд үүссэн дархлаа, эсрэг биетийн хэмжээ буурч” байгаа талаар дурджээ. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан судалгаанд “2021 оны долдугаар сарын 5-ны байдлаар манай улсын 15 ба түүнээс дээш насны хүн амын 81.4 хувь нь бүрэн тунд хамрагдсан. Үүний 73.9 хувь буюу 10 хүн тутмын долоо нь БНХАУ-ын "Вероселл" вакцин хийлгэсэн” байна.

Тэгвэл манайхтай адил хүн амын дархлаажуулалтдаа "Вероселл" вакцин ашигласан Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Чили улсууд гурав дахь тунгаар АНУ, Германы хамтран бүтээсэн “Pfizer” вакциныг иргэддээ хийж эхлээд байна. Ингэхдээ АНЭУ, Бахрейн юун түрүүнд ахмад настай, архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй хүмүүсийг гурав дахь тунд хамрагдахыг уриалж байгаа юм.

АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод “Синофарм”-ын хоёр тунг хийлгэснээс зургаан сарын дараа “Pfizer” вакцин хийлгэх боломжтой. Мөн өөрийн хүсэлтээр өөр вакцины тунг хийлгэхийг зөвшөөрч байгаа аж. Абу Даби хотод өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн “Синофарм” вакциныг олон нийтэд санал болгож эхэлсэн бол дөрөвдүгээр сараас “Pfizer” вакциныг дархлаажуулалтдаа ашиглаж эхэлсэн юм.

Дээрх орнуудаас гадна Тайланд улс БНХАУ-ын Синовак үйлдвэрийн вакциныг хийлгэсэн эмнэлгийн ажилчдад “АстраЗенека” болон “Фпайзер”-ыг гурав дахь тунгаар хийж эхлээд байна. Мөн Индонезийн эмч нарын холбоо өнгөрсөн сард Синовак вакцины хоёр тунг хийлгэсэн өвчтөн халдвараар нас барсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэний дараа гурав дахь тунгийн асуудал хөндөгдөж эхэлсэн юм.

1.4 тэрбум хүн амынхаа гуравны нэгээс илүү хувийг дотоодын вакцинаар дархлаажуулсан БНХАУ гурав дахь тунгийн үр нөлөөг үнэлэх судалгаа ч мөн хийж эхэлжээ. “Синовак” компанийн гүйцэтгэх захирал Ин Вэйдонгийн хэлснээр “хоёр дахь тунг бүрэн авснаас 3-6 сарын дараа гурав дахь тунг хийлгэснээр эсрэг биеийн түвшин 20 дахин ихсэх магадлалтай” аж. Тус улсад гурав дахь тунгаар мөн л дотоодод үйлдвэрлэсэн вакциныг санал болгож байна. Гэхдээ барууны хэд хэдэн томоохон хэвлэлд “Хятад улс гурав дахь тунгаар АНУ-Германы “Pfizer” /BNT162b2/ вакцин хийхээр судалж байна. Гурав дахь тунгийн талаарх яриа хэлэлцээр тун хаалттай өрнөж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цөөн хэдэн сонголтыг иргэдэд өгөх бололтой” гэжээ.

-ФПАЙЗЕР ВАКЦИНЫ ХОЁР ТУН+ГУРАВ ТУНГААР ФПАЙЗЕР-

Одоогоор хүн амаа “Pfizer” вакцинаар дархлаажуулсан улс орнуудын дунд гурав дахь тунг хийж эхэлсэн тохиолдол байхгүй. Гэхдээ энэ сарын 13-нд “Pfizer” компанийн эрдэмтэд COVID-19 вакцинжуулалтын үр дүнд тогтсон дархлааны үйлчлэл цаг хугацаа өнгөрөх тусам суларч байгаа тул 6-12 сарын дотор гурав дахь тунг хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. Дархлааны үйлчлэл сулрахад вирусийн мутаци, ялангуяа коронавирусийн Дельта хувилбар нөлөөлөх гол хүчин зүйл болж байна гэж үзжээ.

Мөн өчигдөр/2021.07.27/ “Pfizer”-ийн эрдэмтэд гурав дахь тунгийн талаар шинэ судалгаагаа танилцуулсан байна. Тус компанийн гаргасан мэдэгдэлд “Pfizer/BioNTech Covid-19 вакцины гурав дахь тун нь Дельта хувилбарын эсрэг хамгаалалтыг "хүчтэй" нэмэгдүүлж байсан бөгөөд  хоёр тун авсан хүмүүст үүссэн эсрэг биетийн хэмжээнээс давсан. Гурав дахь тунгаар Pfizer вакцин хийлгэсэн 18-55 насны хүмүүст эсрэг биетийн хэмжээ тав дахин нэмэгдсэн нь урьдчилсан судалгаагаар батлагдсан” гэжээ.

Мөн Pfizer-ийн гурав дахь тунг хийлгэсэн 65-85 настны хүмүүст хийсэн судалгаанаас үзэхэд “эсрэг биеийн хэмжээ өмнөх үеэс 11 дахин нэмэгдсэн” үзүүлэлт гарсан байна/уг судалгаа нь урьдчилсан шатны тул одоогоор бүрэн хянагдаж, нийтлэгдээгүй аж/.

Улмаар ирэх наймдугаар сард вакцины гурав дахь тунг хэзээ, хэрхэн хийх талаар удирдамж болон холбогдох хүсэлтийг АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын Албанд хүргүүлж албан ёсоор бүртгүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Гэсэн хэдий ч АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв, Хүнс эмийн хяналтын албаны удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийж, “Америкчуудад одоогоор өдөөгч буюу нэмэлт тун шаардлагагүй” гэж мэдэгдсэн юм. 

-АСТРАЗЕНЕКА ВАКЦИНЫ БҮРЭН ТУНГАА ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮСТ “БҮҮСТЕР” ТУН ХЭРЭГТЭЙ ЮУ-

Одоогоор АстраЗенека вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдэд нэмэлт “бүүстер” тунг санал болгож, хийж эхэлсэн орон байхгүй. Гэхдээ Канад улсын зарим мужид гурав дахь тунгийн асуудал яригдаж эхлээд байна. Тухайлбал, нэг сая гаруй хүн амтай Саскачеван хотын Эрүүл мэндийн сайд Пол Мерриман өчигдөр/2021.07.27/ хийсэн мэдэгдэлдээ “AstraZeneca-Oxford COVID-19 вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдэд гурав дахь тун хийх асуудал яригдаж эхэлсэн бөгөөд судалгаа хийж байна. Учир нь зарим улс оронд АстраЗенека вакцины бүрэн тунг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэжээ.  

Тэгвэл Квебек хотын удирдлагууд аль хэдийн АстраЗенека вакцины бүрэн тунг хийлгэсэн иргэдэд гурав дахь тунг санал болгож эхлээд байна. Тодруулбал, бусад орон руу аялах хүсэлтэй "АстраЗенека" вакцин хийлгэсэн иргэдийг гурав дахь mRNA технологиор бүтсэн вакцинууд буюу Pfizer, Moderna-г санал болгож байгаа юм. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагаас албан ёсны зөвлөмж гаргаагүй байгаа тул гурав дахь тунг хийлгэхээсээ өмнө урьдчилж зөвлөгөө авах хэрэгтэйг сануулжээ.

-СПУТНИК V ХОЁР ТУН+ГУРАВ ДАХЬ ТУНГААР МӨН СПУТНИК V  байх уу-

Хэдийгээр “Спутник V” вакцинд ДЭМБ албан ёсны зөвшөөрөл олгоогүй байгаа ч өнөөдрийн байдлаар 50 гаруй орон бүртгээд байна. Манай улс ч тус вакциныг хүн амын дархлаажуулалтдаа ашиглаж буй.

ОХУ-ын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн вакциныг вирусийн эсрэг 91 хувийн үр дүнтэй үйлчилж байгаа талаарх судалгааг танилцуулсан. Харин олон улсын судлаачдын зүгээс тэдний танилцуулсан  өгөгдөлд маш олон тодорхойгүй, зөрчилдөөнтэй зүйлс байгаа талаар нэлээдгүй удаа хэлж байв. Тодруулбал, ОХУ-ын эрдэмтдийн танилцуулсан албан ёсны судалгаанд вакцины үр нөлөөг насны бүлгээр ангилахдаа:

  • 18-30 насны бүлэгт 91, 9 хувь
  • 31-40 насны бүлэгт 90 хувь
  • 41-50 насны бүлэгт 91,3 хувь
  • 51-60 насны бүлэгт 92,7 хувь
  • 60-аас дээш насныханд 91,8 хувь гэж тодорхойлжээ. Ийнхүү вакцин бараг бүх насныханд ижил үр дүнтэй үйлчилж байна гэж судалгааны тайланд дурдсан нь сэжиг төрүүлж байгаа бөгөөд дахин шалгах хэрэгтэй гэж үзэж байгаа талаар “Лансет” сэтгүүлд бичжээ.

Гэсэн хэдий ч Оросын эрдэмтэд вакцины үр нөлөөнд эргэлзэх шаардлагагүйг хэлж байна. Өнгөрсөн тавдугаар сард тус улсын “Спутник V” вакцин хийлгэсэн хүмүүст гурав дахь тунгаар ОХУ-д үйлдвэрлэсэн вакцинуудаас хийлгэж болох талаар яригдаж эхэлсэн ч вакцины хүрэлцээгүй байдлын улмаас уг асуудал намжаад байна.

Улс орнууд гурав дахь тун хийх асуудлыг ярьж эхэлсэн нь вакцины нийлүүлэлтийг улам хүндрүүлж, тэгш бус байдлыг нэмэгдүүлэх учраас “бүүстер” тун хийх нь зохимжгүй хэмээн ДЭМБ мэдэгдсэн. Гэвч улс орнуудын "бүүстер" тун хийж буй хамгийн том шалтгаан нь дэлхий нийтэд тархаад буй Дельта хувилбар юм.

Эх сурвалж: Lancet, WashingonPost, BBC, CBC, CNN, WHO,  Fortune, NewYorkPost