Ч.Цэрэнбаатар: Хоёр жил ашиг харахгүй ажиллалаа. Одоо хуримтлагдсан татвараа "шингэлмээр" байна

Ч.Цэрэнбаатар: Хоёр жил ашиг харахгүй ажиллалаа. Одоо хуримтлагдсан татвараа "шингэлмээр" байна

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахал, хөл хорионы нөхцөл байдлаас үүдэн олон ААН-үүд хаалгаа барьсан. Үйл ажиллагаагаа явуулж байгаа газрууд ч байнгын алдагдалтай ажиллаж, татварын өрөнд орох болсон.

Бизнес эрхлэгчдийн нэгдэл өнгөрөгч зургадугаар сард ''Тэвчээр тасарлаа'' хэмээх хөдөлгөөнийг өрнүүлэн, НОК, УОК-д шаардлага хүргүүлж үйл ажиллагаагаа явуулах боломж олгож өгөхийг хүссэн. Үүний үр дүнд хариуцлагын гэрээ байгуулсан байгууллагуудад үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрсөн билээ. Тэгвэл сүүлийн үед цахим орчинд ''Санхүү тасарлаа'' хэмээх уриан доор нэгдсэн үйлчилгээний байгууллагууд ''ажиллах цагийг 24:00 цаг хүртэл сунгаж өгөөч, хуримтлагдсан татвараа төлье'' гэсэн гэх давлагааг өрнүүлэх болов. Чухам тэд яагаад энэ уриалгыг гаргах болсон талаар анх цахим давлагааг эхлүүлсэн Кафейна ХХК-ын захирал Ч.Цэрэнбаатартай ярилцлаа.

-Санаачилга гаргах болсон шалтгаанаа хуваалцаач?

-Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд 200 орчим хоног цагийн хязгаарлалттай хагас ажилласан.  Харин 130 өдөр нь бүрэн хөл хорионд орсон. Бүрэн хаагдсан газрууд байгаа  ч манайх ресторан гэдэг утгаараа харьцангуй гайгүй байсан. Гэхдээ ажиллаж байгаа хэдий ч цагийн хязгаарлалттай байгаа тохиолдолд сул талууд ч байна. Сүүлд журам гаргаад 10 цагт хаадаг болсон.

Үүнээс болоод орлогын түвшин ажиллаж байгаа нэртэй ч буурсан хэвээрээ  байна. Хариуцлагын гэрээ хийсэн. Ямар нэгэн байдлаар нууцаар ажиллах, хууль зөрчсөн зүйл байхгүй халдвар хамгааллаа сайн мөрдөж байгаа болохоор ядаж  12 цаг хүртэл ажиллуулаад өгөөч ээ л гэж хүссэн юм. Ингэх юм бол тухайн салбарынхаа онцлогоос шалтгаалан орлогын түвшин нэмэгдэх боломж той гэж үзэж буй юм. Одоогоор бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд зөвхөн ажилчдынхаа цалинг олгож, бараа материалаа татаж, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүйгээр л ажиллаж ирсэн.

Нийгмийн даатгал, татвар, НӨАТ дээр өр шир зузаараад л явж байна.

Түрээс төлдөг газрууд бүр ч хэцүү байгаа байх. Давагдашгүй хүчин зүйлс гэсэн заалтыг хэрэгжээгүйн улмаас ажиллаагүй хугацаанд түрээсээ төлсөн хүмүүс өрөнд ороод дууслаа. Анх бид чинь зорилго, мөрөөдөлтэйгөөр эхлүүлсэн учир үүнийгээ зогсоохгүй юм сан гэж хичээж байна. Хүмүүс энэ салбарыг харахдаа маш их мөнгө эргэлддэг, олдог салбар гэж хардаг. Гэвч бодит байдал дээр энэ бол зүгээр л сонирхол, мөрөөдөл дээр тулгуурлаж хийж буй ажил байдаг.

-Хоёр цагийн дотор 32 хувийн алдагдалтай байгааг яаж тооцсон бэ?

-Манай ресторанд өдрийн хоолны цагийг эс тооцвол ихэвчлэн ажил дууссаны дараа зургаагаас хойш үйлчлүүлэгчид ирдэг. 10 цагт хаалгаа барихын тулд  ес гээд сүүлийн захиалгуудаа авах хэрэгтэй. Гэтэл энэ хугацаанд буюу 2-3 цагийн хооронд л идэвхтэй үйл ажиллагаа явуулахад нэмэлт орлого болох боломжгүй. 32 хувь гэдэг нь оройн цагаар нэмэлт орлого олох боломж хаагдсан гэсэн тоо юм. Яаж тооцсон бэ гэвэл ковид өчигдөр эхлээгүй, бид бүхэн янз бүрийн цагийн хуваариар ажиллаж үзсэн байгаа. Тэр бүртээ орлого яаж өөрчлөгдөж байгаа дээр дүн шинжилгээ хийгээд явсан.

2021 он эхэлснээс хойш барааны үнэ ойролцоогоор 20 өссөн байна. Тэгээд хэрэглэгчээ бодоод л үнээ нэмж чадахгүй тэвчиж байна даа.

-Энэ талаар албан шаардлага хүргүүлсэн үү?

-Монголын ресторан зоогын газрын холбоо гэж байгаа. Нийтдээ энэ салбарт 1200 гаруй үйлчилгээний байгууллагууд бий. Энэ газруудын өмнөөс ресторан зоогын газруудын холбоо албан хүсэлтээ өгсөн. Энэ бол ажиллах цагийг маань ядаж 24 цаг хүртэл болгож өгөөчээ, бид халдвар хамгааллаа сайн баримталъя, ном журмаараа ажиллая гэдэг хүсэлтээ өгсөн. Ний нуугүй хэлэхэд энэ салбарт цаг хэтрүүлж нууцаар ажиллаж байгаа байгууллагууд мэр сэр бий. Гэхдээ үүнийг шууд буруутгаж болохгүй. Яагаад гэвэл энэ хүмүүсийн тэсвэр тэвчээр, боломж, санхүү гээд бүх зүйл  тасарч байгаа. Тиймээс зарим газрууд нэг ёсондоо шийдсэн тал руугаа явж байна. Хариуцлагын гэрээ анхандаа үүний ч эсрэг гарч ирсэн байх. Тэгэхээр бид нэгэнт л хариуцлагын гэрээгээ хийсэн болохоор халдвар хамгааллаа сайн мөрдөөд үйл ажиллагаа явуулах цагаа уртасгавал энэ нь бидэнд тодорхой хэмжээний дэмжлэг болно. Одоо бол бид ажилчдынхаа цалинг өгөөд бараагаа татаж л чадаж байна. Гэвч 2021 он эхэлснээс хойш барааны үнэ ойролцоогоор 20 өссөн байна. Тэгээд хэрэглэгчээ бодоод л үнээ нэмж чадахгүй тэвчиж байна даа.

Кафейна ХХК захирал Ч.Цэрэнбаатар

-Өнгөрсөн хугацаанд мэдээж олон ААН-үүд алдагдалтай ажиллаж ирсэн. Үүнийг хэрхэн давж байв. Нөхцөл байдал цаашид хүндрэх эсвэл сайжрах аль нь ч тохиолдсон яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Манайх бусад байгууллагаа бодвол түрээс төлөөгүй учир харьцангуй гайгүй давж гарлаа. Өнөөдөр хүртэл үйл ажиллагаагаа зогсоолгүй тэсэж байгаа гол шалтгаан нь энэ. Ресторан, зоогийн газар, кофе шопын эздүүд байдаг группт газраа зарж  байгаа зар маш их байна. Энэ чинь олон жил мөрөөлдөж хийсэн зүйл ч энэ удаад яалтачгүй асуудал тулсан учир зарах болж байна. Яг үнэнийг хэлэхэд өнгөрсөн жил ковидыг дотооддоо алдаагүй байхад үйлчилгээний газруудаа бүгдийг нь хаах хэрэгтэй ч байсан юм уу гэдэг бодох л асуудал. Одоо бид ковидтой тэртээ тэргүй дасаж амьдрахаас өөр аргагүй болсон байхад ямар боломж байна гэдгээ эрэлхийлэх л хэрэгтэй боллоо. Ядаж ганц л болтугай газрыг ганц ч өдрийн өмнө болов авч үлдээсэй л гэж хүсэж байна. Хаагдахаас нь өмнө жижигхэн ч хамаагүй боломж гаргаж өгөөсэй. Хүн сонсоход 22-24 цагийн хооронд хоёрхон цагийн асуудал байгаа. Гэхдээ энэ хооронд үйлчилгээний газруудад маш том дэмжлэг үзүүлэх хэмжээний үр дүн гарна.

Яг энэ чигээрээ удаан байвал 2020 оны нэгдүгээр улирал дөрөвдүгээр улирал хоёрыг харьцуулахад нийт  ААН-үүдийн найман хувь дампуурч байсан тоон дүнг улам л нэмнэ.

-Бодитоор тулгарсан бэрхшээл одоогоор  юу байна?

Яг энэ үед хамгийн чухал гэж тооцож баримталсан зорилго бол ажилчдаа халахгүй гэсэн зорилго байсан. Манайд ажилладдаг бүх л ажилчдын цалин буурсан. Яагаад гэвэл ажиллах цаг нь багассан, ажиллах хоног нь багассан, үйлчлүүлэгчийн тоо цөөрсөн болохоор ингэхээс өөр арга байхгүй. Гэхдээ бид үүнийг том асуудал гэж харалгүй ямар ч л байсан үйл ажиллагаагаа таслалгүйгээр сайн цаг иртэл ажиллах юм сан гэж зорьж байна.
Нийслэлийн онцгой комисс, Улсын онцгой комист үйл ажиллагааг чинь нээгээд өгчихлөө, ингээд болоо гэсэн хандлага гаргаж аргацаасан шийдвэр битгий гаргаачээ, дотор нь ороод зовлонг нь ойлгоочээ гэдгийг л хэлж байгаа юм. Ингэснээр хэсэг бүлэг хүмүүсийн хувьд хэдэн хүмүүсийн архидах цаг л нэмэгдлээ гэж ярьж магадгүй, гэхдээ та бүхэн өөр талаас нь бодоод үзээрэй. Үйлчилгээний газрууд хоёр цаг нэмж ажилласнаар хэдий хэмжээний орлого нэмэгдэх вэ, хэдэн ААН  нэгж үйл ажиллагаагаа зогсоолгүй үлдээх вэ, түүнийг дагаад хэдэн хүн цалинтай байх вэ, энэ газрууд улсдаа төлөх татвараа өгнө гэх мэтчилэн асуудлууд гарч ирнэ.

Яг энэ чигээрээ удаан байвал 2020 оны нэгдүгээр улирал дөрөвдүгээр улирал хоёрыг харьцуулахад нийт  ААН-үүдийн найман хувь дампуурч байсан тоон дүнг улам л нэмнэ. Энэ бизнес чинь босгоход амар бус, хүн хүч, мөнгө их шаардагдаж хийдэг ажил. Иймээс өдийг хүртэл хөгжүүлэх гэж зүтгэсэн бизнесээ нураамааргүй байна. Мөн 22 цагаас хаана гэдэг шийдвэр ч хэрэгжилтэн дээрээ үргэлж зөрж байна. Мэргэжлийн хяналтаас өдөрт хоёр удаа байцаагч ирж шаардлага тавидаг. 22:00 гэхэд хаалгаа барих юм уу эсвэл сүүлийн хүнээ гаргах юм уу гэдэг дээр албаныхан үргэлж зөрүүтэй мэдээлэл өгч, шаардлага тавьж байна. Бүх л шатандаа гаргасан шийдвэрээ тодорхой байлгаж хэрэгжилтийг нь үр дүнтэй байлгахын тулд нэгдсэн зохион байгуулалттай байгаасай.

-Хариуцлагын гэрээ мэдээж хийсэн.Үүнтэй холбоотойгоор тус гэрээний зарим хэцүү гэж хэлж болох хатуу заалтууд хэр хүнд тусаж байна вэ?

-Зөвхөн вакцины хоёрдугаар тун хийлгэсэн хүн л үйлчлүүлэх ёстой гэсэн нь хүний эрхийг зөрчиж байгаа гэж харсан. Тухайн салбараар үйлчлүүлсэн иргэн ковид туссан тохиолдолд бүх эмчилгээний зардлыг гаргана гэсэн байсан. Гэхдээ үүнийг хэцүү талаас нь хармааргүй байна.Энэ хариуцлагын гэрээг анх хийж эхлэхэд нь бүх үйлчилгээний байгууллага ижил тэгш эрхтэй юм байна, бид нэг шугаманд  баймаар байна гэдгийг илэрхийлсэн гэж бодсон. Мөн түрүүний хэлсэнчлэн хүний эрх зөрчсөн асуудал ч байгаа. Яагаад гэвэл энэ чинь ялгаварлан гадуурхалт болж байгаа биз дээ. 

Гэхдээ үүнийг хойш тавиад өвчнийг дотооддоо хүндрүүлэхгүй, хариуцлагаа хүлээгээд, дүрэм журмаа дагаад ажиллая гэсэн үүднээс энэ гэрээг хийсэн. Түүнээс заримд нь сул тал, давуу тал болоосой гэж хийгээгүй. Яг нарийн яривал ковид туссан бол тухайн байгууллагаас эмчилгээний зардлыг гаргуулна гэдэг нь яг манайхаас туссан гэдгийг яаж нотлох вэ гэдэг нь бүрхэг байгаа юм.

Одон медаль тараасан үеэр цайллага, дайллага олноор хийснээс үүдэж халдварын давалгаа үүсэж, үүнээс болоод олон хүн цуглуулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэсэн үүднээс ковид тусвал эмчилгээний зардлыг даана гэсэн заалтыг оруулсан байх. Бидэнд энэ гэрээг биелүүлэхэд тийм ч хэцүү зүйл алга. Үүнтэй адил 22 цагийг 24 цаг болгон өөрчлөхөд ч нэг их хэцүү зүйл байхгүй хэмээн бодож байна. Харин яг цаг хэтрүүлж байгаа газрууддаа хариуцлагаа сайн тооцож яваасай гэж хүсэж байна. Хариуцлагын гэрээ хийсэн бол хариуцлагыг нь үүрүүлдэг л болмоор байна.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө