ИНЭЭДЭМ: У.Хүрэлсүхийн 1,6 тэрбумын хадгаламжийн эх үүсвэрийг “хянан шийдвэрлэ” гэж АТГ-аас Б.Бат-Эрдэнэд шилжүүлжээ

ИНЭЭДЭМ: У.Хүрэлсүхийн 1,6 тэрбумын хадгаламжийн эх үүсвэрийг “хянан шийдвэрлэ” гэж АТГ-аас Б.Бат-Эрдэнэд шилжүүлжээ

Өнгөрөгч тавдугаар сар /2021.05/-д иргэн Г.Батбаяр Авлигатай тэмцэх газар /АТГ/-т У.Xүрэлсүxийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг шалгуулах тухай өргөдөл гаргасан байдаг.

-У.ХҮРЭЛСҮХ МӨНГӨН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРТЭЭ ТАЙЛБАРАА ГАРГААГҮЙ-

Тэрбээр өргөдөлдөө " … У.Хүрсэлсүх нь 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт жилийн орлого 182.706.64 төг, гэр бүлийн нийт гишүүдийн орлого 0 төг, хувь эзэмшдэг компанийн ногдол ашиг байхгүй байгаа боловч дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 1.694.829.36 төгрөг гэж мэдүүлсэн байна.

У.Хүрэлсүх нь дээрх мөнгөн хөрөнгийн эх үүсвэр болон хэрхэн олсон талаарх тайлбараа гаргаагүй, бүртгүүлээгүй байна.

Иймд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 24.1.1, “Авлигын эсрэг хуулийн” 4.1.1, 4.1.6, 7.1.8, 11.2, 11.3 дах хэсэгт заасныг зөрчсөн нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн 22.10.1 дэх хэсгийн хэв шинжийг агуулсан гэмт үйлдэл үйлдсэн байж болзошгүйг харуулж байна. Шалган тогтоож өгнө үү" гэсэн байдаг.

-У.ХҮРЭЛСҮХИЙН 1,6 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ Б.БАТ-ЭРДЭНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭ ГЭЖ АТГ-ААС ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Гэтэл инээдэмтэй нь, АТГ-аас У.Хүрсэлсүхийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй 1.694.829.36 /нэг тэрбум зургаан зуун ерэн дөрвөн сая/ төгрөгийн асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд шилжүүлжээ.  

АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд явуулсан албан тоотод, “ … У.Хүрэлсүх нь 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ банк, санхүүгийн байгууллагад 1.694.829.36 төгрөгийн хадгаламжтай талаар мэдүүлсэн. У.Хүрэлсүх нь дээрх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг болон хэрхэн олсон талаарх тайлбарыг гаргаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх”-ийг шалгуулахаар ирүүлсэн өргөдлийг Иргэдийн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг тус тус үндэслэн харьяаллын дагуу шилжүүлэв. Хянан шийдвэрлэж, хариуг түүгээрээ өгнө үү” гэжээ.

Хачирхалтай нь, У.Хүрэлсүхийн хадгаламж дахь 1.694.829.36 төгрөгийн эх үүсвэрийг АТГ-аас шалгаж тогтоох хуулийн үндэслэлтэй байтал, Б.Бат-Эрдэнийг “хянан шийдвэрлэж, хариуг түүгээрээ өгнө үү” гэсэн нь анхаарал татаж байгаа юм.

Гэтэл иргэн Г.Батбаярын өргөдөлд дурдсан, Эрүүгийн хуулийн 22.10.1-д “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Иймд У.Хүрэлсүх 1,6 тэрбум гаруй төгрөгийн хадгаламжийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх боломжгүй болох нөхцөл байдал харагдаж байгаа юм. Харин У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймагт МАН-аас хамтдаа нэр дэвшиж, парламентад сонгогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүмүүс билээ. Мөн У.Хүрэлсүх энэ сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөвөл, түүний асуудлыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “хянан шийдвэрлэх” боломжгүй болох нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд явуулсан албан тоот