Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудитын албаны орлогч даргаар ажиллаж байсан Ж.Пунцаг болон Зүүнхараагийн вагон засварын депод инженерээр ажиллаж байсан З.Үнэнбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр болж, тэдэнд торгох ял оноосон билээ.
Тодруулбал, Ж.Пунцагт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 12 сая төгрөгийн торгох ял, харин З.Үнэнбат нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 4 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байдаг.
Харин Ж.Пунцаг нар нь анхан шатны шүүхээс торгох ял оноосныг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Ж.Пунцаг нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх маргааш буюу хоёрдугаар сарын 05-ны өдөр хэлэлцэхээр товложээ. Ингэхдээ Шүүхийн тухай хуулийн дагуу шүүх хурлыг нээлттэйгээ шууд дамжуулах аж.
Хэргийн талаар эргэн сануулахад “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудитын албаны орлогч даргаар ажиллаж байсан Ж.Пунцагийг Зүүнхараагийн вагон засварын депод инженерээр ажиллаж байсан З.Үнэнбатаас удаа дараагийн гүйлгээгээр 7.9 сая төгрөгийн хахууль авсан, өөрт хамаарал бүхий 13.1 сая төгрөгийн өр төлбөрийг 2021 оны есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд түүгээр төлүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутгасан гэдэг. Харин З.Үнэнбат нь албан тушаалаа урвуулж деподоо бараа, материал нийлүүлж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлээ нуун дарагдуулахын тулд Ж.Пунцагт хахууль өгсөн байж болзошгүй гэгддэг аж.