Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд озэки Хошорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүлсэн учир түүнд аварга цол хүртээсэн.
Улмаар энэ сарын 29-ний өдөр Хошорюү С.Бямбасүрэнг албан ёсоор мэргэжлийн сүмогийн 74 дэх Ёкозүна болсныг зарлаж, ёслолын үйл ажиллагаа зохион байгуулсан. Ийнхүү Монголоос сүмогийн зургаа дахь их аварга төрсөн юм. Түүний Ёкозүнагийн ёслолд, авга ах Хотын дарга асан Д.Сумъяабазар, аав Д.Сугаррагчаа, ээж Р.Нармандах, ах Д.Сэржбүдээ нар оролцсон.
Хошорюү С.Бямбасүрэнд цол олгох арга хэмжээ гурав хоног үргэлжлэх бөгөөд сүүлийн өдрүүдийн арга хэмжээнд түүний өвөө Улсын заан Д.Долгорсүрэн, эмээ Д.Пүрэвбадам, авга ах сүмогийн 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадорж гэргийн хамтаар оролцохоор Японд хүрэлцэн очоод байна.
Гэтэл Японы Сүмогийн холбоо Асашорюү Д.Дагвадоржийг "Мэйжи сүмд" ирэхийг зөвшөөрөөгүй талаар тус улсын zakzak хэвлэлд мэдээлжээ.
Тодруулбал, өнөөдөр /2025.01.31/ Мэйжи сүмд ёкозүна цол ахиулах ёслол, мөн бөгж гардуулах арга хэмжээ болно. Уг ёслолд авга ах Асашорюү Д.Дагвадорж оролцохоор ирсэн ч сүмогийн холбоо түүнийг оролцуулахыг хүсээгүй бөгөөд гэр бүлийн суудалд суулгахыг зөвшөөрөөгүй байна. Японы хэвлэлүүд үүнийг Асашорюү Д.Дагвадоржийн өмнө нь гаргасан алдаатай холбон тайлбарлажээ. Мөн Zakzak сайтад Хошорюү С.Бямбасүрэн нь Асашорюү Д.Дагвадоржтой харилцаа муутай байсан ч сүүлийн өдөр холбоо барин аварга болж байгаагаа мэдэгдсэн гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: zakzak.co.jp