"Намын дүрмээ шинэчлээд, ирэх долоодугаар сараас АН-ын дарга Л.Гантөмөрийг огцруулах асуудлыг ярья" гэж УТЗ нь шийджээ

"Намын дүрмээ шинэчлээд, ирэх долоодугаар сараас АН-ын дарга Л.Гантөмөрийг огцруулах асуудлыг ярья" гэж УТЗ нь шийджээ

Өчигдөр /2025.02.03/ Ардчилсан нам /АН/-ын Улс төрийн зөвлөл /УТЗ/ хотоос гарч хуралдан, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал,  АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-ын үүрэг гүйцэтгэгчээр Н.Ганибалыг томилсон Л.Гантөмөрийн тушаалыг "батламжилсан" байна. Учир нь АН-ын ЕНБД-ыг тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналаар томилдог байна. Харин АН-ын ЕНБД-ийн үүрэг гүйцэтгэгчийг "батламжилсан" явдал нь тус хоёр хуваагдаж, тус намыг төлөөлөх албан ёсны хүнгүй болох эрсдэлийг түрүүлж хаажээ. Учир нь 2020-2023 оны хугацаанд С.Эрдэнэ, Х.Баттулга нар тус намыг хоёр дүрэм болгон, аль аль "би АН-ын дарга" гэж зарлаж, Улсын дээд шүүх /УДШ/-д төлөөний хүнгүй, ойлгомжгүй байдлыг бий болгож байв. 

Мөн өчигдөр хотоос гарч хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар "тус намын үндсэн дүрмийг өөрчлөх ажлын хэсэг"-ийг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Ингээд ирэх тавдугаар сард АН-ын их хурлыг хийж шинэ дүрмээ батлаад, намын дүрмээ УДШ-д бүртгүүлэхээр томирчээ.

Улмаар ирэх долоодугаар сар буюу Улсын баяр наадмын дараагаас АН-ын дарга Л.Гантөмөр болон орон нутгийн намын удирдлагуудаа өөрчлөх зэрэг "дотоод асуудал"-аа шийдвэрлэхээр болсон байна. 

АН-ын Улс төрийн зөвлөлд орон нутгийн намын төлөөлөл зэрэг 49 хүний бүрэлдэхүүнтэй аж. Харин өмнөх хурлуудыг АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт удирдан явуулдаг байсан бол тэрбээр энэ удаагийн хуралд хүрэлцэн ирээгүй байна. Иймд өчигдрийн АН-ын Улс төрийн зөвлөлийг хурлыг Л.Гантөмөр даргалан явуулсан байна. Харин С.Баярцогт УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулсан АН-ын ҮБХ-ны хурлаас хойш тус намын хуралд огт оролцохгүй байгаа аж.

Учир нь түүнийг нэрийг АН-ын жагсаалтын 9 дүгээр бичсэн ч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нарын шахалтаар нэрийг нь хасуулсан гэдэг. Иймд С.Баярцогт энэ үйл явдалд "гомдсон" АН-ын зарим гишүүд дүгнэдэг байна. Харин АН-ын тамга гэрчилгээг С.Эрдэнэ, Х.Баттулга нар салгаж аваад, тус намыг 2020-2023 оны хугацаанд хоёр хуваагаад байхад нь тус намыг нэгтгэж, нэг тамга, нэг гэрчилгээтэй болгон, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд С.Баярцогт гол үүргийг гүйцэтгэсэн гэдэг. 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө