Хүнсний тухай хуулийн 6.3-т Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 6.2-т заасан журмын дагуу стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж заасан.
Энэ хуулийн дагуу Хотын дарга Х.Нямбаатар нийслэлчүүдийн хавар, зун идэх махны нөөцийг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Х.Нямбаатар нь уг үүргээ умартан намаржин сонгуульдсаны улмаас стратегийн хүнс буюу монголчуудын гол хэрэглээ болох махыг хангалттай нөөцөлж чадаагүй байна.
-ЖИЛ 8000-12000 ТОНН МАХЫГ НӨӨЦӨЛЖ ТҮҮНИЙХЭЭ 4000 ТОННЫГ Л ИДДЭГ-
Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд жил бүр 8000-12000 тонн махыг бэлдэж ирсэн. Үүнээс 4000 тонн махыг л нийслэлчүүд хүнсэндээ хэрэглэдэг бол үлдсэнг нь хоолны газар, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт зардаг аж. Гэтэл энэ жил дээрх нормыг биелүүлж чадаагүй бөгөөд өнөөдрийн байдлаар дөнгөж 7000 тонн махыг бэлтгээд байгаа аж. Тэгэхээр аль хэдийн 8000 тонныг бэлтгэсэн байх ёстой есдүгээр сард хэдэн мянгыг бэлтгэсэн байсан бэ гэдэг нь анхаарал татна. Жил бүрийн долдугаар сард нөөцийн мах бэлтгэлийн ажлын даалгавар гарч, компаниуд гэрээ байгуулан банкнаас мөнгөө авдаг. Үүний дараа буюу есдүгээр сард нөөцийн махны бэлтгэлийн ажил эхэлж, өвлийн идэшний цагаас өмнө дуусдаг аж. Гэтэл энэ чухал цагаар Хотын дарга Х.Нямбаатар орон нутгийн сонгуульдаа хэт анхаарч, бордюрын хэрүүл хийж явсаар нийслэлчүүдийг хоолтой байлгах чухал ажлаа цалгардуулсан байж болзошгүй байна.
-ИДЭШ БЭЛТГЭХ ЦАГТАЙ ЗЭРЭГЦЭН НӨӨЦИЙН МАХЫГ БЭЛТГЭСНЭЭС БОЛЖ МАХНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН ҮҮ-
Үүнээс болж идэш бэлтгэх цагтай зэрэгцэн махны үнэ нэмэгдсэн байх магадлалтай талаар эх сурвалж мэдээлэв. Учир нь нийслэлийн албан тушаалтнууд иргэдийн идэшээ бэлтгэх цагтай давхцуулан нөөцийн махны бэлтгэл явуулснаас болж махны нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгджээ.
Ийнхүү зах зээлд махны нийлүүлэлт бага байгаагаас шалтгаалан Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар махны экспортыг хязгаарлах шийдвэрийг гаргасан байна.
Гэхдээ тун удахгүй нийслэлийн иргэдийн хэрэгцээний махны бүрдүүлэлт гүйцэх учир ирэх сараас экспортыг урьдын адил хэвийн болгох аж. Эцэст нь Х.Нямбаатар сонгуульдаа бус стратегийн гол хүнсний нөөцийг бэлтгэхэд анхаарсан бол өнөөдөр дотоодын хэрэгцээгээ хангахын тулд экспортыг хязгаарлах шаардлагагүй байх байсан талаар албаныхан ярьж байна. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг кг нь дунджаар 15836 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь 19220 төгрөг байсан бөгөөд энэ нь 1.1 хувиар өссөн үзүүлэлт байсан юм.