НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” төслийг танилцуулан батлууллаа.
Цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамир хийх талбай, авто зогсоол, оршуулгын газар гэх мэт газрын нийтийн эдэлбэр газар хэмээн үздэг байна. НИТХ-аас нийслэлийн иргэдийн ая тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай боломжоор хангахын тулд нийтийн эзэмшлийн талбайнуудыг тохижуулж байгаа бөгөөд энэ удаа 32 байршил дахь нийтийн эзэмшлийн талбайг зарлав. Ийн зарласан нь нийтийн эзэмшлийн талбайг хувь хүн, ААН-д алдахаас сэргийлэх, нийтээрээ хяналт тавих давхар зорилготой аж.
Төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж нийтээр эзэмших хэд хэдэн газрыг бусдад эзэмшүүлсэн тогтоолыг НИТХ-аас хүчингүй болгожээ. Үүнд:
- УДЭТ-ын өмнөх талбайг Улаанбаатар капитал компанид 15 жил эзэмших эрх өгсөн байсныг хүчингүй болголоо
- Сүхбаатарын талбайн өмнөх авто зогсоол бүхий газар
- Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутан дэвсгэр тэмээтэй хөшөөний талбай гэх мэт багтжээ.
- МУИС-ийн II байрны урд талын газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшилд бүртгэсэн.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Отгонбаатар хэлэхдээ, “Энэ 32 байршлаар бидний ажил зогсохгүй. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа бүхий л нийтийн эдэлбэр газрыг албажуулж, газрын мэдээллийн санд бүртгэнэ. Хэн нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болоод нийтийн эдэлбэр газарт барилга байшин баригдахаас сэргийлж, газрын эрхийг хүчингүй болголоо. Албан тушаалтан газар эзэмших эрх олгож уу, эсвэл иргэн, аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөлгүйгээр барилга байшин барьсан уу гэдгийг судалж байгаа. Албан тушаалтан газар эзэмших эрх олгосон бол газрын эрхийг цуцална. Харин огт зөвшөөрөлгүйгээр байшин барилга барьсан бол хуулийн хүрээнд албадан буулгах ажиллагаа явагдана" гэлээ.