Х.Баттулга, У.Хүрэлсүх нар “АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог” тохироонд хүрч, Ерөнхийлөгчид Сү.Батболдыг дэвшүүлнэ

Х.Баттулга, У.Хүрэлсүх нар “АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог” тохироонд хүрч, Ерөнхийлөгчид Сү.Батболдыг дэвшүүлнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг энэ жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн итгэл найдвар, төлөвлөгөө МАН-ын гишүүдийн дунд саяхныг хүртэл байж. Тэгвэл МАН уг төлөвлөгөөгөө өөрчилж У.Хүрэлсүхийг биш Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг тус сонгуульд нэр дэвшүүлэхээр ярилцаж эхэлжээ. 

Х.БАТТУЛГА “АТГ-ЫН ДАРГЫГ САНАЛ БОЛГОДОГ ЭРХ МЭДЛЭЭ” У.ХҮРЭЛСҮХЭД ӨГӨВ

У.Хүрэлсүх 6 жил Ерөнхийлөгчийн албан тушаал хаших боломж, намын гишүүдийнхээ шахалтыг үл тоон Сү.Батболд гэх сул тоглогчийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх болсон шалтгаан, улс төрийн түвшинд ямар тохироо хийв гэдэг нь анхаарал татаж байна. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, иргэдийг баярын ширээгээ бэлдэж байх арван хоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолыг баталсан. 

Ингэснээр Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргыг цаашид Ерөнхий сайд санал болгож УИХ томилдог болсон юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг томилох эрх мэдэл У.Хүрэлсүхэд очиж байна.

Өмнө нь Ерөнхийлөгч АТГ-ын даргыг санал болгож УИХ-д оруулж, батлуулдаг байв. Өнгөрсөн хугацаанд тогтсон жишгээр бол дотнын хүнээ АТГ-ын даргад томилж, түүгээр дамжуулж /гар, хөл/ өрсөлдөгчөө шоронд хийх захиалга өгдөг, улс төр дахь эрх мэдлээ нэмэгдүүлэхэд ашиглаж ирсэн байж ирсэн. Тэгвэл энэ асуудлаар “одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр” тохирч, үүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга чимээгүй гэгч нь харж, сууж байгаад батлуулж орхисон.

Өөрөөр хэлбэл, өөрт байдаг эрх мэдлээ У.Хүрэлсүхэд шилжүүлж оронд нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх, МАН-аас сул нэр дэвшигчтэй өрсөлдөх ам, тангаргийг нь Х.Баттулга авсан гэсэн үг. Удахгүй Шүүхийн багц хууль УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ нь мөн л У.Хүрэлсүх сайдад давуу эрх бий болгоно гэх. Ийнхүү хуулийн байгууллагуудын томилгоо, Засгийн газрын гишүүдийнхээ томилгоо зэрэг Монгол улсын томоохон эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн Ерөнхий сайд гэх албан тушаалаас У.Хүрэлсүх тийм ч амархан буухгүй ойлгомжтой боллоо. 

-Х.БАТТУЛГЫН ИТГЭЛТ ХҮН А.ГАНСҮХ СҮ.БАТБОЛД НАР БАЗУУД БУЮУ НЭГ АЙЛЫН ХҮРГЭНҮҮД -

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших Сү.Батболд гэж хэн бэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-аас нэр дэвших боломжтой таван хүний нэрийг зарлахад дунд нь Сү.Батболд байсан. Тэрээр хувьд хоёр удаа Засгийн газрын гишүүнээр, нэг удаа Ерөнхий сайдаар ажиллаж, УИХ-д дөрвөн удаа сонгогдсон, цагтаа МАН-ын дарга хүртэл хийж, цалгиж явсан түүхтэй. Гэхдээ тэр бол улс төрд мартагдахын аргагүй дүр биш, сулхан ажиллагаатай, хүчгүй, урсгалаараа л нэгэн. Тэрбээр 2012 онд намаа ялагдуулж, МАН-ын даргаасаа мултарч байв. Түүний хувьд хувьчлалаар Улаанбаатарын үнэ, цэнэтэй байрлалд томоохон объектуудыг өөрийн болгосон, уул, уурхай, хүнс, хувцас гээд бүхий л салбарт бизнестэй, Оюутолгой, оффшор данс зэрэг асуудалтай үе, үе нэр холбогддог намтартай нэгэн. 

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчид нэр дэвшигч “сонгуулийн санхүүжилтээ өөрөөсөө гаргадаг” бичигдээгүй хууль манай улс төрийн намуудад үйлчилдэг.

Иймд хэдэн тэрбум төгрөгийг өөрөөсөө гаргаад сонгуулиа санхүүжүүлж чадах хүн бол Сү.Батболд. Мөн тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэлт хүн Үндэсний Аюулгүй байдал /ҮАБ/-ын ажлын албаны дарга А.Гансүхтэй базууд буюу нэг айлын хүргэнүүд. Сонирхуулахад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ёсоор энэ жилээс эхлэн Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгох юм.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "АТГ-ын даргыг санал болгодог" байдлыг та дэмжиж байна уу

Нийт: 42 саналтай