Иргэний эрхэнд халдсанаа нуух гэж “танхай, архичин” гэх мэдэгдлийг ЦЕГ-аас хийдэг болов уу

Иргэний эрхэнд халдсанаа нуух гэж “танхай, архичин” гэх мэдэгдлийг ЦЕГ-аас хийдэг болов уу

“Ардчилсан, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна” гэж манай улс Үндсэн хуульдаа тунхагласан. Гэтэл хүнлэг, энэрэнгүй байх энэ заалтыг зарим талаар төрийн байгууллагын алба хаагчид зөрчиж байна уу гэлтэй.

-ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ҮНДСЭН ХУУЛИЙН 16.16 ДУГААР ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ҮҮ-

Тухайлбал, Архангай аймгаас ирсэн иргэн Улаанбаатарт хотод хөл хорионы улмаас орж чадалгүй 22-ын товчооны орчимд амиа алдахад, талийгаачтай хамт явсан иргэдийг Цагдаа нар “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд энэ талаар мэдээлэл өгөх юм бол 15-20 сая төгрөгөөр торгоно” хэмээгээд, мэдээлэл задруулахгүй гэсэн бичигт гарын үсэг зуруулсан байж болзошгүй байгаа юм. 

Хэрэв энэ үнэн бол тухайн цагдаагийн алба хаагчид, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг 16-д заасан “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэснийг ноцтой зөрчсөн байгаа юм.

Нөгөөтэй хөл хорионы энэ үед цагдаагийн алба хаагчид хүний эрхийн зөрчил гаргаж байна гэж зарим хуульчид тайлбарлаж буй. Гэтэл хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй үйлдлээ хаацайлахын тулд тухайн иргэний нэр хүндэд халдаж байна уу гэлтэй мэдээ, мэдэгдлийг ЦЕГ-аас сүүлийн үед хийдэг болоод байна. 

-ИРГЭДИЙН ЭРХЭНД ХАЛДЧИХААД, ТЭДНИЙГ "АРХИЧИН, ТАНХАЙ ЭТГЭЭД" БОЛГОН ЗАРЛАХ БОЛСОН УУ

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт шаардлага биелүүлээгүй иргэнийг цагдаагийн алба хаагчид газарт унагаад, толгой дээр нь өвдөглөж, хүч хэрэглэсэн тохиолдол гарсан. Харин тэдний энэ үйлдлийг “тухай иргэний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй” хүний эрхийн ноцтой зөрчил гэж зарим хуульчид шүүмжилсэн.

  1. Гэтэл ЦЕГ-аас “Тухайн иргэн Ц гэгч урд нь танхайрах зэрэг нийт 37 удаа зөрчил  гаргаж арга хэмжээ тооцогдож байсан” гээд нийгэмд мэдээлж байгаа юм. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Товчхондоо, цагдаагийн алба хаагчид хүний эрх зөрчсөн ноцтой үйлдлээ хаацайлах гэж тухайн иргэнийг олон нийтэд, засрахгүй этгээд шүү гэж зарлаж байна уу гэлтэй. Учир нь тэрээр 37 үйлдэлдээ тухай бүрдээ хариуцлагаа хүлээсэн байх. Гэтэл түүнийг дахин энэ үйлдлээр нь буруутгах, нийгэмд зарлах ямар шаардлага байсан бэ гэх асуулт гарч байгаа юм. 
  2. Мөн энэ оны хавар Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн зарим модыг сугалан авч, түүний оронд  өндөр өртөгтэй усан оргилуур барихыг эсэргүүцсэн иргэн Б.Мөнхдөлийг “эрүүл байхад нь таван цагийн турш эрүүлжүүлсэн” талаар тэрээр манай сайтад ярилцлага өгч байв. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Хэрэв энэ үнэн бол мөн л Үндсэн хуулиар олгогдсон “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхэнд нь халдсан ноцтой үйлдэл байж болзошгүй байгаа юм. 
  3. Харин хөл хорионы энэ үед цагдаагийн алба хаагчид иргэн Э.Одбаярын орон байр руу ямар ч шүүх, прокурорын зөвшөөрөлгүй нэвтэрсэн. Ингээд өвлийн энэ хүйтэнд түүнийг нимгэн хувцастай авч явсан. Зориуд дэглэж, хүйтэн агааржуулагч асаасан. Улмаар үг хэлээр дайрч, доромжилсон гэж эх сурвалж бидэнд мэдээлсэн. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Гэтэл хүний эрх зөрчсөн байж болзошгүй энэ үйлдэлдээ ЦЕГ-аас “түүнийг согтуурсан үндэслэлээр иргэдээс ирсэн гомдлын дагуу эрүүлжүүлсэн” гэж хариу мэдэгдэл хийчхэж байгаа юм.  Гэтэл зарим эх сурвалжууд “Э.Одбаярыг гэртээ байх үед нь гэрлүү нь зөвшөөрөлгүй нэвтэрч 04:15 цагт нүцгэн байдалтай баривчилсан. Гуйж байж гутлаа өмсжээ. Өмгөөлөгчөөс ЭЗүйн туслалцаа авахыг хүссэн ч цагдаагийн хэсэг рүү байцаахаар авч яваад үүдэнд нь очоод гэнэт чиглэлээ өөрчилж эрүүлжүүлэх байрлуу авч явж” гэж буй юм. 

Энэ мэтээр Үндсэн хууль, Хүний эрх зөрчсөн байж болзошгүй үйлдлээ ЦЕГ хаацайлах гэж эрх нь зөрчигдсөн байж болзошгүй иргэнээ "архичин, танхай этгээд" мэтээр нийгэмд ойлголт өгөх хариу мэдэгдлүүдийг хийгээд байна уу гэлтэй. 

Гэтэл Үндсэн хуулийн 16.17-д “ … Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн заалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө