Иргэн О.Отгонтөгс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах асуудлаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Х.Булгантуяа нарт холбогдох хэргийг харьяаллын дагуу Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн заалтаар шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл /Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах/-ийн 1-д "Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.