Шүүгдэгч Ц.Ундрах нь *** ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Б-г хуурч “Төв аймгийн Заамар суманд алтны лиценз, зөвшөөрөлтэй компани маань энэ жил мөнгөгүй болоод ажлаа хийж чадаагүй учраас 600 сая төгрөг өгөөч, тэгвэл хамтарч ажиллаж болно.
Таны мөнгийг ашиг хэлбэрээр 2 сарын хугацаанд буцааж өгөөд түүнээс цааш олборлосон металлынхаа 10 хувийг 5 жилийн хугацаатай өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан түүгээр халхавч хийж, уг гэрээг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ба иргэн Б-т гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог төлөөгүй атлаа 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2,2 тэрбум төгрөгийг авч, иргэн Б-т их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс Ц.Ундрахыг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.Ундрахаас 2,2 тэрбум төгрөг гаргуулан хохирогч Б-т олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүхээс тус хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцүүлээд, прокуророос хяналтын шатны шүүхэд мэдүүлсэн, хэргийг дахин шалгах талаар гаргасан дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.