Амиа хорлож нас барсан цэргийн хэрэгт буруутгагдсан ахлагчид холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо

Амиа хорлож нас барсан цэргийн хэрэгт буруутгагдсан ахлагчид холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо

Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид алба хааж байсан Б.С гэх 19 настай сураггүй алга болж, улмаар амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдалтайгаар олдсон хэрэг гарч байсан билээ. 

Тэгвэл тус хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, М.М нь Хилийн цэргийн ангийн салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан эрхшээлдээ байгаа буюу хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.С-г 2022 оны долдугаар сард байнга зодож, айлган сүрдүүлсний улмаас малын суурингийн үхрийг 2022 оны есдүгээр сард хайж яваад Увс аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, мөн байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай цэргийн дүрмийн бус харьцаагаар харьцан зодож, хүч хэрэглэсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байхдаа хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг мэдүүлгээ өөрчилж өгөхийг ятгаж, хүсэлт бичүүлж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны дөрөвдүгээр сард хэргийг хэлэлцээд "Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон” “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 5 жил хорих ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож" шийдвэрлэсэн байдаг.

Харин Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны долдугаар сард хэргийг хэлэлцээд "Шүүгдэгч М.М-д холбогдох хэргээс бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ зүйлээр гэм буруутай тооцсон болон ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгож тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн юм. Тэгвэл хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.