ВИДЕО: Цагдаа нар Э.Одбаярыг нүцгэн байдалтай авч яваад “Хүйтэн агааржуулагч асааж” доромжилсон

ВИДЕО: Цагдаа нар Э.Одбаярыг нүцгэн байдалтай авч яваад “Хүйтэн агааржуулагч асааж” доромжилсон

Үндсэн хуулиар иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ эрхийг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын нэг бол цагдаагийн байгууллага. Гэтэл сүүлийн үед иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг нь зөрчсөн байж болзошгүй үйлдэл тус байгууллагын алба хаагчдаас гарах болсон.

Тухайлбал, саяхан Хан-Уул дүүрэгт иргэн шаардлагыг нь биелүүлээгүйн төлөө түүнийг газарт унагаж, толгой дээр нь өвдөглөж хүч хэрэглэсэн тохиолдол гарсан. Зарим хуульчид үүнийг “тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд хохирсон учруулах гэсэн ноцтой үйлдэл” гэж шүүмжилж буй. Тэгвэл  хөл хорионы энэ үед Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг баривчилж, өвлийн хүйтэнд өглөө үүр цайх мөчид цээж нүцгэн авч явж, хүнлэг бус үйлдэл гаргасан нь олон нийтийн сүлжээнд иргэдийн дургүйцэлтэй тулгараад байна. 

Энэ асуудалд зарим иргэд “Хүний эрхийн Үндэсний Комисс онцгой анхаарал хандуулж, хүний эрхийн мэдрэмжгүй хүнлэг бус цагдаа нар болон тушаал өгсөн дарга нарт хатуу хариуцлага тооцох нь зүйн хэрэг” гэж байр сууриа илэрхийлж байгаа юм. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа “Э.Одбаярыг баривчлаагүй! Ямар зорилгоор ийм худал мэдээлэл тараагаад байна?” гэж мэдэгдсэн 

Тэгвэл бид энэ талаар Э.Одбаяртай ойр зарим эх сурвалжаас тодруулахад “Хөл хорионы энэ үед цагдаагийн алба хаагчид Э.Одбаярын орон байр руу ямар ч шүүх, прокурорын зөвшөөрөлгүй нэвтэрч, нэгжлэг хийсэн. Улмаар тэд энэ үеэрээ халдвар хамгааллын ямар ч дэглэм баримтлаагүй. 

Ингээд түүнийг гуталгүй, нимгэн өмдтэй, цээж нүцгэн байхад нь автомашин суулгаад авч явсан байгаа юм. Тэгээд зориуд дэглэж, хүйтэн агааржуулагч асаагаад, “адьяал нөмрөхгүй бол гохино шүү” гээд, “чамайг мэднэ шүү дээ Одбаяр аа хөгийн баагий гэдгийг чинь” гэх мэтээр цагдаа нар торны цаанаас бөөндөө үг хэлээр дайрч, доромжилсон байгаа юм. Тэд энэ мэтээр хүний эрхийн бөөн зөрчил гаргасан байж болзошгүй” байна гэсэн юм. 

Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.