Иргэн Б.Мөнхдөл: Намайг эрүүл байхад таван цагийн турш эрүүлжүүлсэн

Иргэн Б.Мөнхдөл: Намайг эрүүл байхад таван цагийн турш эрүүлжүүлсэн

Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур байгуулах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Үүнийг ард иргэд шүүмжилж, бухимдалтай хандаж байсан ч одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай явж байгаа.

Тэр үеэр иргэдийн шүүмжлэл сошиал ертөнцөөр хүчтэй давалгаалж байсан ч талбайн зүүн талд замын уулзвар дээр уриа үг барин зогсож эсэргүүцлээ илэрхийлсэн нэгэн залуу олны анхаарлыг ихэд татсан юм. “Ганц дайчин ганцаардахгүй” гэсэн үгийн жишээ болон олон хоног эсэргүүцлээ илэрхийлэн зогссон Монгол Улсын иргэн Б.Мөнхдөлтэй уулзаж ярилцлаа.

-21-Р ЗУУНД УСАА ЗӨӨДӨГ УСАН ОРГИЛУУР ГЭЖ
БИ ЛАВ СОНСООГҮЙ-

-Сайн байна уу? Талбайн урд талд усан оргилуур барих ажлын эсрэг эсэргүүцэл илэрхийлж зогсоод хэр удаж байна?

-Сайн. Сайн байна уу. Би усан оргилуур барих шийдвэрийг дөрөвдүгээр сарын 1-нд сонсоод маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр ирж зогссон. Ингээд одоог хүртэл нийтдээ 24 өдөр эсэргүүцлээ илэрхийлсэн байна.Ажилтай байдаг учраас өдөр бүр ирж зогсож чадаагүй.

-Усан оргилуур барих ажлыг яг ямар үндэслэлээр эсэргүүцэж зогссон бэ? Юу таныг ингэж эсэргүүцэхэд хүргэв?

-Уг нь энэ цэцэрлэгийг хоёрхон жилийн өмнө тохижуулсан. Нэгдүгээрт, дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулж, эдийн засгийн хүндрэлтэй болсон энэ үед усан оргилуур гэдэг бол тансаг хөрөнгө оруулалт. Үүний оронд 3,2 тэрбум төгрөгийг иргэдийн эрүүл мэнд, хотын  өөр хэсэгт зайлшгүй хэрэгтэй байгаа бүтээн байгуулалт гэх мэт илүү зөв, бодитой зүйлд зарцуулах хэрэгтэй гэж бодсон. Хоёрдугаарт, өнгөрсөн онд НИТХ-аар батлагдсан төсвийн дагуу л хийж байгаа байх. Гэхдээ асуудалтай. Учир нь энэ ажлыг НИТХ-аар батлаагүй. Харин хаанаас мөнгө нь гараад байна гэхээр хот тохижилтын урсгал зардлаас гарж байгаа.

Тэрхүү урсгал зардал нь мод услах, гудамж цэвэрлэх гэх мэт байнгын урсгал зардлаасаа 3,2 тэрбум төгрөг суулгачихаад, яг батлагдсан төсөв дээр энэ бүтээн байгуулалтын ажил байхгүй. Зарим НИТХ-ын гишүүд нь хүртэл хаанаас гараад ирсэн төсөв бэ гээд гайхаж байсан. Гуравдугаарт, ямар ч хот усан оргилууртай байх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь “зөөврийн усаар ажилладаг” усан оргилуур гэж байгаа юм. Ойролцоогоор 570  тонны багтаамжтай усан оргилуурт тэгээд үргэлж ус зөөх хэрэг гарж байгаа юм уу? Ромын үед ч усан оргилууртаа ус зөөдөггүй байсан. Дөрөвдүгээрт, тендергүй ажил хийж байна. Энэ мэтчилэн олон мэдээлэлтэй болох тусмаа хотын унаган иргэн хүний хувьд эвлэрч чадаагүй.

-Зогсож байх хугацаанд хууль цагдаагийн байгууллагаас ямар байдлаар хандаж байсан бэ?

-Нөхцөл байдалтай холбогдуулаад хуулиараа жагсаал, цуглаан хийхийг хориглосон. Тиймээс миний бие ганцаараа хэлэх гэсэн санаагаа цаасан дээр бичээд, гэртээ хэвлэж авч ирээд бариад зогссон. Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр усан оргилуур барьж байгаа хашаанд мэдээлэл хийх талаар сонсоод үгээ хэлэх гэж очсон боловч хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд “нэг цагийн дотор тарцгаа, тарахгүй бол баривчилна” гэсэн. Тэр үед “Утааны эсрэг ээж аавууд”, “Монгол туургатан” төвөөс хүмүүс ирж бас эсэргүүцэж байсан. Ингээд микрофон болон, дуу өсгөгч  зэргийг цагдаа нар булааж авч, шаардлага тавьснаар хүмүүс тарцгаасан.

“ЧИ НААШ ИР ДЭЭ, ЧАМААС АРХИ ҮНЭРТЭЭД БАЙНА”
ГЭЭД АВААД ЯВЧИХСАН

Ингээд маргааш нь ирээд зогсож байтал цагдаа ирээд “чи нааш ир дээ, чамаас архи үнэртээд байна. Тэгэхээр эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Ингээд сүүлд нь эрүүлжүүлэх тухай хуулийг уншсан чинь “биеэ удирдах чадваргүй, хаана байгаагаа мэдэхгүй, өөртөө болон бусдад аюулгүй байдал үүсгэсэн хүнийг эрүүлжүүлнэ” гэсэн утгатай байсан. Бас нэг заалт байсан нь “зөрчил үйлдэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байвал эрүүлжүүлэх үндэслэл болно” гэсэн байсан. Энэ үндэслэлээр намайг баривчилсан. Өөрөөр хэлбэл “Гамшгийн тухай хууль”-ийн “эрх бүхий байгууллагаас тогтоосон хөл хорио, цээрийн дэглэмийг зөрчих” гэсэн заалт.

-Таныг хэдэн цаг, ямар байдалд хорьсон бэ?

-13:00 цагийн үед намайг хүчээр машинд суулгаад “Дэнжийн мянга”-н тэр хавьд байдаг эрүүлжүүлэх байранд аваачсан. Очоод миний согтолтын хэмжээг шалгахад 0,31 заасан. Ингээд миний бүх эд зүйлийг аваад эрүүлжүүлэхэд хийчихсэн. Тэгэхэд амьдралдаа анх удаа л эрүүлжүүлэхэд орж үзсэн.Дээрээс нь эрүүл үедээ эрүүлжүүлэгдэж үзлээ. Ингээд орой 18:00 цагийн үед намайг 150 мянган төгрөгөөр торгоод гаргасан.

-Эрүүлжүүлэгдэж байгааг чинь ойр дотныхон тань мэдсэн үү?

-Хуулиараа “эрүүлжүүлэгдэж байгаа хүн дээр харгалзан авч явах хүн ирсэн бол хүлээлгэж өгөх ёстой”. Би сошиал хуудсан дээрээ энэ талаараа бичсэн. Ингээд манай найз нөхөд, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын  тэргүүн Ц.Пүрэвхүү гэх мэт хүмүүс намайг авах гэж ирсэн ч өгөөгүй. Зөрчлийн хуулиар торгуулаад дээрээс нь аюулгүй байлгасанд баярлалаа гээд эрүүлжүүлэхэд таван мянган төгрөг өгдөг юм билээ. Гэхдээ тэнд аюулгүй байх газар биш байсан.

-Тэнд ямар нөхцөл байдалтай байсан бэ?

-Анх 13:00 цагийн үед очоод би ганцаараа нэг өрөөнд байж байтал нэмэгдсээр байгаад 8-лаа болсон. Ингээд нөгөө жинхэнэ биеэ хянах чадваргүй, өөрийн ухаангүй болсон 8 хүн чинь хоорондоо зодолдож эхэлсэн. Цагдаа ирээд цахилгаан бороохойдсон ч ахиад зодолдоод байсан. Уг нь эрүүлжих бол хуулиараа залхаан шийтгэх газар биш эрүүл болтол нь аюулгүй орчинд байлгах, хамгаалах газар. Гэвч тийм нөхцөл байдал тэнд байгаагүй.

-Өөрөөр ямар дарамт, шахалт ирж байв?

-Ер нь цагдаа нар өдөр болгон ирж “чи больчихооч ээ” ,”чи жагсаал хийгээд байна ш дээ” гэж хэлдэг байсан. Ингээд бас нэг өдөр зогсож байтал цагдаа ирээд намайг дахиад авж явна гэсэн. Ямар үндэслэлээр авж явах гээд байгаа юм бэ гээд жаахан эсэргүүцэл үзүүлсэн ч дөрвөн цагдаа байсан учир гарнаас татаад, хүчээр машинд суулгаад аваад явсан. Тэр машин нь гэхдээ цагдаагийн машин биш энгийн машин байсан. Тэгээд цагдаагийн газар очтол иргэний гомдлоор шалгаж байна л гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл хэлээгүй. Би ямар иргэнд саад болсон гэдгээ мэдээгүй.

-ХҮМҮҮС ТАНИХГҮЙ Ч ГЭСЭН ДЭМЖЭЭД УС, КОФЕ, ИДЭХ
ЗҮЙЛ АВЧИРЧ ӨГЖ БАЙСАН-

-Тэгвэл иргэдийн зүгээс ямар хариу үйлдэл үзүүлж байсан бэ?

-Олон хүн дэмжиж байсан. Гэхдээ мэр сэр бас “чи болио” гэсэн хандлага харагдаж байсан л даа. Танихгүй залуус их ирээд “ах аа таныг дэмжиж байгаа шүү” гэж хэлээд зарим нь ус, кофе, идэх зүйл хүртэл дөхүүлж өгч байсан.

-Эсэргүүцэл үзүүлээд тодорхой үр дүн гарсан уу? Ирэх 6 сард ашиглалтанд орно гэж байсан? Цаашид хэр удаан зогсох вэ?

-Харин тийм. Энэ ажлыг би зогсоож чадсангүй. Харин ч хотын дарга маань  “эсэргүүцэх тусам барина” гэж хэлсэн. Гэхдээ залуучууд бид ийм зүйл дээр дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй. Энэ удаагынх дээр би зогсоож чадахгүй ч гэсэн тодорхой хүмүүст нөлөөлсөн байх гэж бодож байна. Цаашдаа ч гэсэн ийм асуудал гарвал иргэд бид нэгдэж, дуугарах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.