ИРГЭН С: Самар түүж яваад, хорионд орсон иргэд осгосон тохиолдол гарсан

ИРГЭН С: Самар түүж яваад, хорионд орсон иргэд осгосон тохиолдол гарсан

Коронавирусийн халдвар дотоодод гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн хөл, хориог 14 хоног тогтоох шийдвэрийг гаргасан билээ. Энэ дагуу машин болон явган замын хөдөлгөөнийг хориод байгаа юм. Гэнэтийн хөл, хориог тогтоосонтой холбоотойгоор хөдөөнөөс ирээд хотод, хотоос хөдөө ажил, албаар явсан хүмүүс байгаа газартаа гацсан учир гэртээ харих хүсэлтийг холбогдох албаныханд өгч буй. Харин Улсын онцгой комиссоос эдгээр хүмүүсийн асуудлыг удахгүй шийдвэрлэнэ, түр хүлээж байхыг анхааруулсаар байгаа юм.

-ГЭР БҮЛИЙН МААНЬ ГУРВАН ХҮН АЙЛЫН ЗУНЫ БАЙШИНД ХОНОГ ТӨӨРҮҮЛЖ, ХООЛ ХҮНС МУУТАЙ 12 ХОНОГ БОЛСОН -

Тэгвэл, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл  болон Улаанбаатар хотын ойролцоох ууланд самарт явж байсан олон иргэн хөл хорионд орж амьдрах дулаан байр, идэх хоол хүнсгүй өнөөдрийг хүртэл хүндхэн нөхцөлд байсаар байна. Тэдний хувьд хоол, хүнс нь дуусч нөхцөл байдал нь хүндэрсэн гэх шалтгаанаар гэртээ очих хүсэлтийг өнгөрсөн хугацаанд удаа дараа уламжилсаар байгаа билээ. Сэлэнгэ аймгийн зөвхөн Зүүнхараад л гэхэд 7000 гаруй самарчид ууланд гарсанаас 1000 гаруй нь бууж ирсэн бол Хүдэр суманд 1000 гаруй иргэд ууланд гарсанаас 380 гаруй иргэд бууж ирэн хорогдох газар, очих айл, таних хүнгүй хүндхэн нөхцөлд байна гэсэн тоо баримт байна. Тэдний нэг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу самар түүхээр яваад хөл хорионд орсон иргэний ар гэрийн төлөөлөл болох иргэн С бидэнтэй холбогдож дараах мэдээллийг өгсөн юм.

-Сайн байна уу, танай гэр бүлээс хэдэн хүн самар түүхээр явсан бэ, одоо нийт хэд хонож байна?

-Сайн, сайн байна уу. Манай гэр бүлээс нийт гурван хүн самар түүхээр Хүдэр сум руу явсан. Одоо 15 гаруй хоног өнгөрчихлөө.

-Хаана байрлаж, ямар нөхцөл байдалд байгаа гэж хэлсэн бэ?

-Нэг нь л утастай явсан юм. Тэгээд хүйтэнд утас нь асахгүй, унтраад ганц хоёр удаа л залгаж ярьсан. Тэр сумын нэг айлаас гуйгаад зуны байшинд нь амьдарч байгаа гэсэн. Дээрээс нь авч явсан хоол хүнс нь дуусаад үнэхээр хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд би эндээс мөнгө шилжүүлээд тэндхийн дэлгүүрээс талх авах гэтэл нэг талхны үнэ таван мянга, таван кг гурилын үнэ 15 мянга болсон байсан. Дээрээс нь хөгшин хүн хамт явж байгаа, зутраад их хэцүү байна гэсэн. Одоо удах тусам байдал улам л хүндэрсээр байна.

Самар түүхээр яваал хөл хорионд орсон иргэдийн нөхцөл байдал

-ТЭД ХООЛ ХҮНС МУУТАЙ 10 ГАРУЙ ХОНОГ ӨНГӨРӨӨСӨН ДЭЭРЭЭС НЬ ХҮДЭР СУМАНД НЭГ ТАЛХ 5 МЯНГА ГЭЖ БАЙСАН-

-Хаанаас Хүдэр сум руу самар түүхээр очсон юм бэ?

-Шаамар сумаас очсон. Цас ороод хүйтэрчихсэн дээрээс нь хөл хориог хүлээж дийлэхээ байгаад болохгүй бол тэндээсээ наашаа алхана гээд байгаа. Бас тэнд энд тэндээс ирсэн маш олон хүн байна гэсэн. Орох газар ч үгүй зарим нь бүр гахайн байранд амьдарч байгаа гэсэн. Хэд хоногийн өмнө Бугант тосгоноос Ерөө сум руу 2 иргэн алхаж байгаад нэг иргэн нь осголтын байдалтай ирсэн байна лээ. Тэгэхээр би алхаад хэрэггүй, хөгшин хүн чадахгүй гэж хэлээд л байгаа юм.

-Сум орон нутгийн удирдлагадаа хэлж, тусламж хүссэн үү?

-Хүсэлтээ хэлсэн, аймгийн онцгой комиссоос энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж л байгаа гэсэн. Хурдан ирүүлэхгүй бол энд эхнэр нь гурван нялх хүүхэдтэйгээ маш хэцүү байгаа. Дээрээс нь дунд охин нь түлэгдчихсэн. Хурдан л энэ асуудлыг шийдэж өгөөсэй гэж төр засгаасаа хүсч байна.

Самар түүхээр яваал хөл хорионд орсон иргэдийн нөхцөл байдал

-МОНГОЛ УЛСЫН ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС ИРСЭН 10 МЯНГА ГАРУЙ ИРГЭН СЭЛЭНГЭ АЙМГИЙН УУЛ ХАДААР ХОНОГ ТӨӨРҮҮЛЭН АМЬДАРЧ БАЙНА-

Ийнхүү бидний яриа өндөрлөсөн юм. Ар гэрийнхээ амьдралыг залгуулахаар, хэрэглээнийхээ мөнгийг олохоор явсан хэдэн мянган иргэн ууланд, энэ хүйтэн өдрүүдийг өнгөрүүлж байна. Хаа сайгүй хөдөлгөөн хорьсон байгаа учир уулнаасаа бууж ирж чадахгүй, буувал явганаар 100 гаруй км алхаж төв газар бараадаж, ирсэн ч орох оронгүй маш хүнд нөхцөлд байгаа ажээ. Зарим газартаа ямар ч сүлжээгүй, ар гэрийнхэнтэйгээ холбогдож чадахгүй байгаа учраас ар гэрийнхэн нь ч хайж сураглаж байгаа тохиолдол гарчээ. Нийт 10 мянга гаруй иргэн одоогоор Сэлэнгэ аймгийн уул хадаар хоног төөрүүлж байгаа аж.

-ТУХАЙН ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВЧ, НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР НУТАГТ НЬ БУЦААНА-

Энэ талаар Сэлэнгэ аймгийн онцгой комисс мэдээлэхдээ “Эдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуурт хамруулж, PCR шинжилгээнд хамруулснаар орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалт дор буцаах ажлыг зохион байгуулахаар цагдаагийн алба хаагчид бүртгэл, мэдээлэл цуглуулж байна. Тэднээс шинжилгээ аваад эхэлсэн байгаа. Мөн иргэд аймгийн онцгой комиссын утас руу залгаж, мэдээллээ өгч бүртгүүлэх боломжтой” хэмээн хэлсэн юм.

Мөн Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр зэрэг хоёр суманд самарт явж байгаад гацаад буй нийт 900 хүн байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хүйтний эрч улам чангарч байгаа энэ үед төр засгаас яаралтай арга хэмжээ авахгүй бол олон хүний алтан амь тэнд үрэгдэж, эрүүл мэндээрээ ч хохирох эрсдэл тулгараад байгаа юм.