Улаанбаатар хотноо энэ сарын 15,16-ны өдрүүдэд Европын Холбоо болон Монгол Улсын хамтарсан бизнес, хөрөнгө оруулалтын томоохон форум анх удаа Шангри-Ла зочид буудалд болж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, стратегийн түншлэлийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгод суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Форумд Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо, Европын Холбооны гишүүн орнууд, Европын Хөрөнгө оруулалтын банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, банк, санхүүгийн байгууллагууд, бизнесийн холбоод болон Монголын хувийн хэвшлийн 500 орчим төлөөлөл оролцоно. Монгол Улс, Европын Холбоо хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх чухал механизм болох Бодлогын ээлжит яриа хэлэлцээг талууд хэд хэдэн удаа амжилттай өрнүүлж байв. Энэ удаагийн форум нь өмнөх уулзалтын үр дүнг бататгаж, бодит хамтын ажиллагааны төслүүдийг танилцуулах, гүнзгий шатанд шилжүүлэх боломжийг нээж байгаагаараа онцлогтой. Мөн энэ үеэр цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтэд зориулан 1 тэрбум хүртэлх еврогийн санхүүжилт олгох санамж бичгийг Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол улсын Засгийн газартай байгуулна гэдгээрээ онцлогтой.