Б.Батцэцэг: Энэтхэг Улстай хамтарч газрын тосны нөөцийг нэмэгдүүлж, боловсрол, шашин, соёл урлагийн салбарын хамтын харилцааг хөгжүүлнэ

Б.Батцэцэг: Энэтхэг Улстай хамтарч газрын тосны нөөцийг нэмэгдүүлж, боловсрол, шашин, соёл урлагийн салбарын хамтын харилцааг хөгжүүлнэ

iSee.mn мэдээллийн сайт Энэтхэг Улсаас та бүхэнд мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд албан ёсны төрийн айлчлал хийж байгаа билээ. “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай манай хоёр орны хувьд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийж буй энэхүү төрийн айлчлал нь өндөр ач холбогдолтой болж байна.

Өчигдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсоор уулзаж, санамж бичгийг байгуулж, хамтарсан мэдэгдэл гаргалаа. Иймд энэхүү айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон асуудлуудын талаар Гадаад харилцааны Сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

ВИДЕО:

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Бүгд Найрамдах Энэтхэг Улс 1955 онд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон. Энэ жил 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байгаа. Айлчилж буй энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн өндөр дээд түвшний нэлээд хэдэн уулзалт хийнэ. Өнөөдөр Энэтхэг Улсын Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, ганцаарчилсан уулзалт хийлээ. Мөн дээд, доод парламентын танхимын дарга нар, батлан хамгаалахын сайдтай уулзалтууд хийсэн. Одоогоос 10 жилийн өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди албан ёсоор Монгол Улсад айлчилж, хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэсэн. Энэ 10 жилийн хугацаанд манай хоёр орны хувьд эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд өндөр түвшинд хөгжсөн гэж хэлж болно. Энэтхэг Улстай бид бараг 2500 жилийн өмнөөс харилцаж ирсэн оюун санааны хөрш гэсэн нарийн тодорхойлолттой тусгай харилцаатай. Өөрөөр хэлбэл түүх, шашин, соёл урлагийн чиглэлээр сэтгэлийн холбоотой ард түмэн. Тийм ч учраас хоёр орны дипломат харилцаанд маш их ач холбогдол өгдөг. 10 жилийн өмнө хоёр орны харилцааг Стратегийн түншлэлд хүргэхдээ Н.Моди ерөнхий сайдын хувьд хэд хэдэн томоохон түншлэлүүдийг хийсэн байдаг. Үүний хамгийн том нь газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл. Энэ нь манай орны эдийн засгийн хараат байдлыг бууруулах, эрчим хүчний хувьд нэлээд өндөр түвшинд хөгжихөд түлхэц үзүүлж байгаа төсөл. Энэтхэг Улсын бусад бүх оронтой хэрэгжүүлж байгаа төслөөс хамгийн том төсөл нь гэж үздэг. 1.7 тэрбум долларын өртөгтэй энэ төсөлд айлын тал маш их ач холбогдол өгдөг. Ковидын үед үйл ажиллагаа нь бага зэрэг удааширсан. 2027 онд энэ үйлдвэр нээлтээ хийснээр асар том хүчин чадалтай үйлдвэр болно гэдгийг ярилцаад, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх, газрын тосны олборлолт хайгуул дээр цаашид хамтарч ажиллаж болох юм гэдэг зүйлийг ярилцлаа.

Мөн оюун санааны хөрш гэдэг утгаараа харилцаандаа соёл, хүмүүнлэг, түүх, өв соёлын харилцааг онцгойлон авч үздэг. Үүнтэй холбоотойгоор манай Гандантэгчинлэн хийдэд номын сан байгуулж өгөх, Богд хааны ордон музейг сэргээн засварлахад Энэтхэгээс хөрөнгө оруулах зэргээр тусгай төслүүдийг хэрэгжүүлнэ.

Мөн англи хэлний 1000 багш бэлтгэж өгье гэдэг саналыг маань дэмжсэн. Түүнчлэн мэдээллийн технологийн чиглэлээр 1000 мэргэжилтнүүдийг сургаж өгье гэсэн сайхан зүйлсийг Н.Моди Ерөнхий сайд хэлсэн.  Орон нутгийн хамтын ажиллагаан дээр Ладак мужийг Архангай аймагтай соёл, аялал жуулчлал, боловсролын чиглэлээр хамтарч ажиллах төслийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Цаашдаа Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль, технологийн төв зэрэг томоохон төслүүддээ анхаарах, батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллах санал, санаачилгыг дэвшүүлсэн. Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр талаас хамтарсан мэдэгдэл гаргаж байгаа. Энэ хүрээнд бүхий л талын хамтын ажиллагааг дараагийн 10 жилд илүү өргөн хүрээтэй, бодиттойгоор хөгжүүлж хамтарч ажиллах чиглэлээр хамтарсан тунхаглалаа зарласан нь их онцгой байлаа. Айлчлалын хүрээнд бизнес форум зохион байгуулж байна. Манай талаас 60 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, Энэтхэгийн талаас 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно. Мөн Энэтхэг Улс нь эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр маш өндөр түвшинд хөгжсөн. Энэ чиглэлд манай аж ахуйн нэгжүүдэд сонирхолтой саналууд ирж байгаа юм билээ. Технологийн чиглэл, хиймэл оюун ухааны чиглэлийн бизнесүүдийг дэмжих сонирхлоо албан ёсоор тавьж байгаа. Иймд бизнес форумд нэлээд хүлээлт өндөртэй байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргах ёстой гэж үзсэн бөгөөд хоёр улс агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан байдаг. Тэр утгаараа Дели болон бусад орон нутагт шууд нислэг эхлүүлэхээр ярьсан. Энэ нь иргэд хоорондын харилцааг хөгжүүлнэ гэж үзэж Н.Моди Ерөнхий сайд маш сайн анхаарч ажиллаж байгаа” гэлээ.