УЯАЧИЙГ “Land cruiser”, УРАЛДААНЧ хүүг нэг өрөө байраар шагналаа

УЯАЧИЙГ “Land cruiser”, УРАЛДААНЧ хүүг нэг өрөө байраар шагналаа

“Их хурд 8” азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүллээ.

“Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр Хүй долоон худагт зохион байгуулагдаж буй “Их хурд 8” наадмын түрүү магнай эзэндээ “Land cruiser” маркийн төмөр хүлгийн түлхүүр атгуулж байгаа бол уралдаанч хүүхдийг нэг өрөө байраар шагнажээ.

Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азаргыг энэ жилийн “Их хурд” наадамд 77 дугаартай мордсон Төв аймгийн Зүүндэлгэр сумын хоёрдугаар ангийн сурагч н.Энхбаяр гэдэг найман настай хүү унаж, уралдсан байна.

Аман хүзүүнд энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү магнайд хурдалсан, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат О.Батбилэгийн халзан азарга хурдалсан бол айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төрмөнхийн хурдан бор азарга хурдаллаа. Харин айргийн дөрөвт Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн ажнай цавьдар азарга орж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Д.Ганхуягийн хурдан хээр азарга айргийн тавд хурдаллаа.

“Их хурд 8” шигшмэл хурдан морьдын уралдааны азарганы уралдаан өглөө 08.00 цагаас эргэсэн бөгөөд маргааш /2019.07.21/ их насны морьдын уралдаанаар үргэлжлэх юм байна.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө