“Pfizer” болон “BioNTech" компаниуд вакцинаа яаралтай эмнэлзүйд нэвтрүүлэх хүсэлтээ АНУ-д явууллаа

“Pfizer” болон “BioNTech" компаниуд вакцинаа яаралтай эмнэлзүйд нэвтрүүлэх хүсэлтээ АНУ-д явууллаа

Энэ сарын  10-ны өдөр  Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээж буй вакцины туршилтад хамрагдсан эхний бүлэг хүмүүсийн 90 гаруй хувьд нь коронавирусийн эсрэг дархлаа тогтсон талаар албан ёсны мэдэгдэл гарсан билээ. 

Тэгвэл өчигдөр /2020.11.19/ тус вакцин коронавирусийн эсрэг 94 хувийн үр дүнтэй үйлчилж байгаа талаар компаниуд мэдэгджээ. Улмаар АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газарт "BNT162b2" вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх хүсэлтээ өнөөдөр илгээсэн байна.

Харин АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газар вакцины хоёр гол шалгуур болох үр ашиг, аюулгүй байдалд нарийвчлан дүн шинжилгээ хийсний дараа эцсийн шийдвэрийг гаргах юм. Одоогоор хэдий хугацааны дараа хариу өгөх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Цар тахлын онцгой байдлын үед хэрэглэгдэж буй тул вакцины зөвшөөрөл түр зуурын шинжтэй, мөн тодорхой болзолтой байх бөгөөд ямар нэгэн гаж нөлөө  илэрвэл явцын дунд хүчингүй болгох ч магадлалтай аж. Хэрэв АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газар тус вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон тохиолдолд компаниуд энэ ондоо багтаан 50 сая тун, 2021 онд 1.3 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөөд байна. Гэхдээ гол асуудал гэвэл вакцины тээвэрлэлт юм. Учир нь вакциныг Цельсийн хасах 80 хэмд ердөө таван өдөр хадгалах боломжтой.

Харин хэдхэн хоногийн өмнө вакцины сүүлчийн шатны туршилт нь 94.5 хувийн үр дүнтэй болсныг зарласан АНУ-д төвтэй “Moderna” биотехнологийн компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг Цельсийн хасах 20 хэмд зургаан сар хүртэл хугацаанд хадгалах боломжтой юм. Энэ чанараараа тус компанийн бүтээж буй вакцин “BioNTech”-ээс нэг алхмаар түрүүлж байна гэж хэлж болох юм. Ямартай ч одоо АНУ-ын хариуг хүлээх үлдээд байна. 

Эх сурвалж: AFP

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө