СУРВАЛЖИЛГА: Хуш модны самрыг үйлдвэрийн аргаар боловсруулан худалдаалах “Хушхан” брендээр зочиллоо

СУРВАЛЖИЛГА: Хуш модны самрыг үйлдвэрийн аргаар боловсруулан худалдаалах “Хушхан” брендээр зочиллоо

Бид намрын улирал бүрт гадаа, гудамжинд зарагдаж буй самрыг хувь хүний гар дээрээс худалдан авч иддэг. Гэсэн хэдий ч ойгоос гудамжинд ирсэн самрыг шууд идсэнээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, халдварт өвчин гарах өндөр эрсдэлтэй байдаг билээ.  Тэгвэл монголчууд бидний идэх дуртай хуш модны самрыг олон шат дамжлагаар үйлдвэрлэн,  эрүүл ахуйн шаардлага хангасан амт, чанар сайтай бүтээгдэхүүнийг гаргаж, удахгүй хэрэглэгчиддээ хүргэх гэж буй “Хушхан” брендийг энэ удаагийн дугаартаа онцолж байна.

Хуш модны самар нь хүний биед олон төрлийн  ашиг тустай бөгөөд зөвхөн ОХУ болон Монголын ойд ургадаг онцлогтой. Манай улсын хувьд самраа хагас аргаар боловсруулан ихэвчлэн урд хөрш рүү экспортлодог бөгөөд энэ төрлөөр үйл ажиллагаа дагнан явуулдаг үндэсний үйлдвэрлэл одоогоор байхгүй юм. Тиймээс бид “Эмээлтийн мини аж үйлдвэрийн парк” дээр очиж, үндэсний үйлдвэрлэл болсон “Хушхан” брендийн үйл ажиллагаатай танилцлаа. Биднийг очиход тус брендийг үүсгэн байгуулагч Д.Энх-амгалан хүлээн авч уулзан, үйлдвэрлэлийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Түүний хувьд түүхч мэргэжилтэй бөгөөд олон жил судалгаа, шинжилгээний ажил явуулсны үр дүнд энэхүү бизнесээ эхлүүлэхээр болжээ.

-ХУШ МОДЫГ 2014 ОНООС ЭХЭЛЖ СУДАЛСАН. МОНГОЛ ОРНЫ ХУШ МОДНЫ САМАР ОРОСООС ӨӨР ГАЗАР УРГАДАГГҮЙ-

-Сайн байна уу, танай бренд Монголдоо анхдагч гэдгээрээ их онцлог санагдаж байна. Хэзээ үүсгэн байгуулагдсан бэ?

-Сайн, сайн байна уу. Манайх 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Маш олон төрлийн судалгаа, шинжилгээний ажил хийсний үр дүнд одоо үйлдвэрлэлээ эхэлж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гар дээр хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

-Нийт хэдэн ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна, нарийн мэргэжлийн хүмүүс аль хэсэг дээр ажилаж байна?

-Одоогоор нийт 54 хүнтэй ажиллаж байна. Манай хамгийн чухал, нарийн мэргэшсэн ажилтнууд самар боловсруулах тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж байна. Учир нь энэ төхөөрөмж жижигхэн зүйлээс болж тохиргоо нь алдагдахад л самраа бяцлах, яснаас нь салгахгүй байх гэх мэт хүндрэлүүд үүсч эхэлдэг юм.

-“Хушхан” брендийн самар яг ямар шат дамжлагуудаар дамжиж хэрэглэгчдийн гар дээр хүрэх вэ. Хаанаас түүхий эдээ нийлүүлж байна?

-Монгол орны Сэлэнгэ, Төв гэх аймгуудаар хуш модны самар хамгийн ихээр ургадаг. Бид тус аймгуудаас гэрээтэй байгууллагуудаар дамжуулан түүхий эд буюу самраа нийлүүлэхээр болсон. Шат дамжлагын хувьд:

  1. Үйлдвэрийн хашаанд ирээд бетонон талбай дээр самраа хатаана
  2. Хатаасан самраа ангилна.Ангилахдаа хэмжээгээр нь буюу долоон хэсэгт ялгаж ангилна
  3. Цөмдөг машин дээрээ ангилсан самраа ялгаж тавина
  4. Цөмдөг машинаас гарч ирсэний дараа үлдсэн яс болон шар хальсыг нь үлээгч машинаар үлээлгэнэ
  5. Самрын чөмөг чийгтэй байдаг учраас 80 градуст 12 цагийн турш хатаана
  6. Хатаалганаас гараад дахин үлээлгэнэ
  7. Дахин хальслагч машин руу орно
  8. Сэнс рүү дахин орно
  9. Лазер машинаар чөмгүүдийг дахин ангилна
  10. Машинаар ороод салгаж чадаагүй багахан хэмжээний хальсыг хүний гараар дахин цэвэрлэнэ, бактери устгагч машинд оруулна
  11. Эцэст нь савлагдана

-ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН САМРЫГ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХҮРГЭХИЙН ТУЛД ҮЙЛДВЭРИЙН 11 ШАТ ДАМЖЛАГЫГ ТУУЛНА-

-Хувь хүн хууль бусаар үйлдвэрлэсэн самрыг авдаггүй, зөвхөн гэрээтэй байгууллагуудаасаа авдаг гэсэн шүү дээ. Самрыг хууль бусаар бэлтгэсэнээс үүдэж ой модонд их хор хөнөөл учирдаг байх?

-Тэгэлгүй яахав. Хувь хүмүүс ой модонд хулгайгаар орж, модыг хайр гамгүй унагааж самар бэлтгэх тохиолдол их байдаг. Харин манайх болон гэрээтэй байгууллагууд маань самар бэлтгэх тусгай технологитой. Хуш модноос самар унагаах гэж мунаддаг шүү дээ. Тэр үед модны гаднах тал холцорч, гэмтдэг. Оросод бол доргиогч машинаар сэгсэрдэг юм билээ. Тэр нь модны үндсийг их гэмтээдэг. Харин бид удаан бодсоны эцэст 5 миллметрийн зузаан ирмен тавьж байгаад мунадахад модонд тодорхой хэмжээний доргилт өгч самрыг нь унагааж байсан. Мөн гаднах холтосыг нь ч гэмтээхгүй сайн талтай юм билээ. Бидний гол зарчим бол байгалийн бүх зүйлс хүнийх гэсэн харалган бодолгүй байж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэхийг хичээж ажиллаж байна. Мөн хуш модыг нэмэлтээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд тарьж байгаа.

-Сав баглаа боодлын хувьд хэдэн нэр төрлийнх байх вэ?

-Эхний ээлжинд бид ястай самар, самрын чөмөг хоёрыг худалдаанд гаргахаар бэлтгэж байна. Ингэхдээ 200, 300 гр хэмжээтэй цаасан уутнуудад гаргахаар төлөвлөсөн.

-Бүтээгдэхүүн эцсийн байдлаар хэзээ худалдаанд гарах вэ, хаагуур худалдаалагдаж эхлэх бол?

-Арван сардаа багтаагаад худалдаанд гаргана гэж төлөвлөж байгаа. Эхний ээлжинд э-март, Номин супермаркет, CU гээд сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдана.

-Хүмүүсийн зүгээс үнэ хэд байх талаар илүү сонирхож байгаа байх?

-Ястай самрыг гадуур стакантай зарагддаг самарнуудаас 500-1000 төгрөгөөр илүү зарна, чөмөгтэйг хоёр мянган төгрөгөөр илүү зарна гэж бодож байгаа. Гэхдээ яг нарийн үнээ одоогоор тогтоогоогүй байна.

-ОЙН СУДАЛГААНЫ ГАЗРААС ЖИЛ БҮР ТОГТООСОН НӨӨЦИЙН 40 ХУВИЙГ Л ХҮМҮҮС ХЭРЭГЛЭХ ЭРХТЭЙ. ҮЛДСЭН 60 ХУВЬ НЬ АМЬТДЫН ИДЭШ ТЭЖЭЭЛ БОЛЖ ҮЛДДЭГ. МАНАЙ КОМПАНИ ХҮН БАЙГАЛИЙН ТЭНЦВЭРТ ХАРЬЦААГ АЛДАГДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХИЧЭЭЖ АЖИЛЛАДАГ-

-Ойн амьтдын хоол тэжээлийг ихээр түүж, үйлдвэрлэж байгаа нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай шүү дээ. Энэ тал дээр ямар зохицуулалтыг хийсэн бэ?

-Ойн судалгааны газар жил бүр судалгаа хийж тухайн жилийнхээ нөөцийг тогтоодог. Тэрхүү нөөцийн 40 хувийг л хүмүүст хэрэглүүлнэ, үлдсэн 60 хувь нь ойдоо үлдэж амьтдын идэш тэжээлд ашигдагдах хуультай. Мөн самар түүх хугацаа гэж бий. Энэхүү хугацаандаа багтаж ойгоос самар түүдэг бөгөөд ойн амьтад идэш, тэжээлээ бэлдсэнийх нь дараа хүмүүс бэлтгэх ёстой байдаг. Үүний хэрэгжилтэн дээр экологийн цагдаа маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй юм байна лээ.

-Самрын ясыг түлшинд ашиглах, мөн тос гаргаж авах туршилт хийсэн гэж байсан. Энэ талаараа уншигчдад сонирхуулаач?

-Миний хувьд 2014 оноос эхлэн хуш модны самрыг судалж эхэлсэн юм. Энэ хугацаанд олон төрлийн туршилт хийсэн. Жишээ нь, самрын ясыг түлшинд хэрэглэхэд маш удаан шаталттай хэрнээ илчлэг өндөр юм байна гэдгийг олж харсан. Одоо манай үйлдвэр дулаан, халуун ус, хатаалга зэрэгтээ зөвхөн самрын ясыг ашиглаж байна. ОХУ-д самрын яс, боргоцой зэргээр нь хавтан хийдэг юм билээ. Бид бас тэгж хийж үзсэн их гоё болж байсан. Мөн тосоор нь 2017 оноос эхлэн массажны тос, үсний тэжээлийн тос, биеийн тос болон “baby oil” хийж үзсэн. Албан ёсоор бүтээгдэхүүн гаргаагүй ч гэсэн туршилтууд маань амжилттай болсон.

-Цаашдаа гадны улсууд руу экспортлох  талаар ямар бодолтой байна?

-Энэ жил Япон, Герман улс руу гаргах захиалга гарч ирсэн. Ер нь бидний хамгийн том зорилго бол үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж гуравдагч орон луу шууд гаргах гэж ойлгож болно. Бид хагас боловсруулсан самраа өмнө нь урд хөрш рүү гаргаад, урд хөрш бүтээгдэхүүн үйлдвэрлээд Европын улсууд руу гаргадаг байсан. Харин бид монголдоо, монгол хүний гараар үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнийг гадагшаа гаргахаар зорьж, хичээж ажиллаж байна. Эцэст нь хэлэхэд, монголчууд бид байгаль дэлхийгээ хайрлаж, шүтдэг ард түмэн. Тиймээс өөрсдөө энэхүү бизнесийг хийвэл байгальдаа илүү хор хөнөөл багатай хийж чадна гэж боддог. Мөн ийм бизнес эрхэлдэг монгол компаниуд илүү олон болж, дэлхийн зах зээлд хамтдаа өрсөлдөөсэй гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.