М.Нандин-Эрдэнэ: Солонгост анх “Чи чадах уу” гэж үл тоосон тул тулааны клубын багшийг нь зодож байж, бүртгүүлж байлаа

М.Нандин-Эрдэнэ: Солонгост анх “Чи чадах уу” гэж үл тоосон тул тулааны клубын багшийг нь зодож байж, бүртгүүлж байлаа

БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог М.Нандин-Эрдэнэ. Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй тэрбээр одоогоор найм ялж, зургаан удаа дийлдсэн. 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртэж байсан юм. Тэрбээр Солонгосыг зорихоосоо өмнө сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан бөгөөд АШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил завсаргүй түрүүлж байв. Насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга.

Харин өнгөрөгч зургадугаар сарын 22-нд эх орныхоо дэвжээн дээр анх удаа “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатартай тулалдаж аваргын бүсийг зүүгээд байна. Энэ удаагийн “MOVE ON” булангийн зочноор БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог М.Нандин-Эрдэнийг урьж ярилцлаа.

-ӨДӨРЖИНГӨӨ АЖИЛЛААД ЗАВГҮЙ ӨНГӨРДӨГ БОЛОХООР ЗАРИМДАА ШӨНӨ БЭЛТГЭЛЭЭ ХИЙДЭГ-

-Саяхан “MFC” холбооны Н.Отгонбаатартай тулалдаж ялан аваргын бүс зүүлээ. Эх орондоо энэхүү тулаанд оролцох зорилгоор ирээд байв уу. Юуны өмнө сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ямар нэгэн зүйлд ялалт байгуулсан хүний сэтгэгдэл ямагт өндөр байдаг. Холимог тулааны төрлөөр эх орондоо анх удаа тулалдлаа. Сайхан байлаа. “MFC” холбооны удирдлага, Зорки (У.Зоригт) ах надад санал тавьж, би зөвшөөрснөөр мундаг тамирчин болох Н.Отгонбаатартай тулалдсан. Эцсийн мөчид ялалтыг авч чадсандаа баяртай байна. Эх орондоо ирээд бараг 14 хоночихлоо шүү. Бэлтгэлээ хэд хоног базаасан. Энэ долоо хоногт буцна даа.

-Та сонирхочдын бокст багагүй амжилт гаргаж байгаад гэнэт орхиод явсан байдаг. Улмаар Солонгост очоод холимог тулаанд орсон түүх одоо хүртэл олон хүний сонирхлыг их татдаг. Энэ тухай яривал?                                               

-Анх 2015 онд холимог тулааны спортод хөл тавьж байлаа. Кикбоксоор улсын аварга болж, таеквондогоор хичээллэж байсан болохоор тулааны спортод ороход хэцүү байгаагүй. Дэлхий нийтээр шуугьж байгаа спортоор хичээллэж үзье гэж бодсон. Солонгост гэр лүү харих замд холимог тулааны нэг клуб байдаг байсан юм. Тэгээд нэг удаа ороод бүртгүүлэх гэж үзсэн. Гэтэл намайг нэг л үл тоосон, доош  хийсэн “Чи чадах уу” гэсэн харцаар хараад байсан юм л даа. Маргааш нь дахин очоод багшийг нь зодчихсон. Надад зодуулсан багш нь “Энэ сайн тамирчин байна” гэж үнэлээд бүртгэж байлаа. Түүнээс хойш хоёр, гурван сар бэлтгэл хийж анхны тэмцээндээ орсон. Анхны тэмцээнээр өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж байлаа.

-Гэр нүүлгэлтийн ажил хийхийн хажуугаар энэ спортод орсон гэдэг гэгээн дурсамж байдаг юм билээ. Анх хэзээ БНСУ-ыг зорьж байв?

-Би нэг үг хэлэх дуртай. Хүн болгоны амьдрах арга барил өөр. Энэ бол миний сонголт. Анх ажил хийх гэж Солонгос Улсыг зориогүй. Эхнэр маань сурах гээд Солонгосыг зорьсон. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байхын тулд бүхнээ орхиод араас нь очиж байлаа. Хүмүүс намайг зөвхөн бэлтгэлээ хийдэг гэж боддог. Гэтэл би чөлөөт цагаараа л зодолддог гэх үү дээ. /инээв.сурв/ Өглөө ажилдаа гарч, орой тараад бэлтгэлээ хийдэг. Солонгост Монголчууд хүнд, хэцүү ажил хийдгийг хүн бүр мэднэ. Ядарсан үедээ бэлтгэлээ таслаад унтчихсан байдаг юм. Ийм л энгийн амьдардаг. Солонгосын телевизүүд “Ярилцлагад орооч ээ” гэж урьдаг. Гэхдээ би ордоггүй. Монгол хүн Солонгост ажил хийж байгаагаа харуулахыг, ярихыг хүсдэггүй. Найз нөхөд минь намайг мэднэ. Солонгост хүн яаж амьдардаг вэ, би яг тэгж л амьдарч ирсэн.  

-Таны хувьд холимог тулаанаар гадны дэвжээн дээр өөрийн хүчээр хурдацтай гарч ирсэн тамирчин хэмээн үнэлэгдээд буй. Анх Монгол тулаанч гэхээр Солонгосчууд хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Хүмүүсийн хувьд тулааны спорт энгийн амархан санагдаж байж магадгүй юм. Надад хүнд байсан. Солонгост гэр бүлээрээ амьдардаг учир тэднийгээ тэжээхийн тулд ихэнх цагаа ажиллаж өнгөрүүлдэг. Оройтож унтаад үүрээр сэрнэ. Шөнийн цагаар л бэлтгэлээ хийдэг байлаа. Хамгийн гол нь Азийн шилдэг холбооны нэг болох “Road FC”-ийн рингэн дээрээс Монгол гэх нэрийг авч  гарах ёстой. Эх орныхоо нэрийг доошоо оруулах уу, дээшээ гаргах уу гэдэг нь надаас шалтгаална гэж бодож бүх зүйлээ дайчилдаг. Ялсан ч, ялагдсан ч хүмүүст үзүүштэй тулаан үзүүлье гэж боддог байсан. Энэ үүднээс Солонгосчуудад таалагдсан гэх үү дээ.

-“МОНГОЛ ХҮН БАЙЖ БЯРГҮЙ ЦАРАЙЛАХГҮЙ ШҮҮ” ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛЖ, ТУЛАЛДДАГ-

-Та “Road FC” холбооны анхны Монгол тулаанч уу?

-Тийм ээ. “Road FC” холбоонд тоглосон Монголын анхны тулаанч. “Road FC” холбоо гэлтгүй Солонгос дахь анхны Монгол тулаанч. Гадуур явахаар Солонгосчууд таниад зургаа даруулъя гэдэг. Намайг тэнд Нандин-Эрдэнэ биш Ука гэдэг нэрээр минь илүү таньдаг. Тулаанч Ука байна гээд л ирцгээдэг юм. Тэгэхээр надад их сайхан санагддаг. Өөрөөрөө бахархахаас илүү Монгол хүн гээд тоогоод байгаа нь илүү сайхан санагддаг.

-Ажил хийхийн хажуугаар суралцдаг гэсэн. Өдөрт хичнээн цагийг бэлтгэлдээ зарцуулж байна вэ?

-Би одоогоор ажлынхаа хажуугаар БНСУ-д спортын менежер мэргэжлээр сурч байна. Хоёр жилийн дараа сургуулиа төгсөнө. Тамирчид өдөрт гурван удаа бэлтгэл хийх ёстой. Бүр ядаж хоёр удаа. Надад харин бэлтгэл хийх цаг зав хомс гардаг. Долоо хоногт гуравхан удаа хийх тохиолдол ч бий. Ажил хийж, суралцаж, гэр бүлдээ цаг зав гаргахын хажуугаар бараг чөлөөт цагаараа бэлтгэл хийгээд байгаа юм. /инээв.сурв/ Ядраагүй үедээ хоёроос гурван цаг хийдэг. Ажил яаж тарахаас шалтгаална даа.

-Солонгос дасгалжуулагч Монгол тамирчны онцлогийг юу гэж хэлдэг вэ?

-Намайг боксын шигшээ багт байсан тамирчин гэхээр гар сайтай гэж боддог. Монгол хүн гэхээр дэлхий нийтээр бяртай гэж хардаг байх. Гэтэл би Монгол хүн байж бяр муутай. Үүнээсээ Солонгосчуудын өмнө жаахан ичдэг. Тэгээд л “Монгол хүн байж бяргүй царайлахгүй шүү” гээд л өөрөө өөртөө хэлж зоригжуулж, тулалддаг.

-Гараа дөрвөн удаа хугалсан, мэс засалд ороод долоо хоногийн дараа тулалдаж байсан гээд хэцүү зүйл олон тохиолдож байсан гэдэг. Хамгийн хэцүү нь юу байв?

-Намайг мундаг гэж хэлдэгтэй санал нийлдэггүй. Яагаад гэвэл энэ миний мөнгө төлж сурсан зүйл. Сурсан зүйлээ би чадах л ёстой. Энэ спорт аюултай гэдэг утгаараа жаахан хэцүү л дээ. Гар хөл хугарах, хөмсөг задрах зэрэг хэцүү асуудал тулгарна. Хамгийн гол нь тулаан дээр сайн байхын тулд чи бэлтгэлтэй бас сэтгэл зүйтэй байх ёстой. Бэлтгэлээ зуун хувь хангачихсан бол сэтгэл зүй чинь ч тэр хэмжээнд байх ёстой.

-ШАГНАЛЫН МӨНГӨӨРӨӨ АРХИЧДАД ХООЛ АВЧ ӨГӨӨД, ХАМТ АМЬДРАЛ ЯРИАД СУУЧИХДАГ ХҮҮХЭД БАЙЛАА-

-Рингэн дээр гараад өөрийгөө хэрхэн зоригжуулж, хурцалдаг вэ?

-Рингэн дээр гараад “Маргааш болно. Энэ тэмцээн дуусна” гэж боддог.

-Яагаад?

-Тэмцээнд орохын өмнө бүгд л айдаг. Гэтэл цагийн дараа бүх зүйл болоод дуусчихсан байна. Нэг мэдэхэд л маргааш болчихно. Тэр үед ялчихсан, эсвэл ялагдчихсан байж байна шүү дээ. Тийм учраас айхгүйгээр өөрт байгаа бүх зүйлээ л хийнэ. Тулааны спорт маш хэцүү. Тулааны үеэр хэрхэн бэлдсэн бэлтгэлээ харуулж байгаа л гэсэн үг. Хамгийн хэцүү зүйл тайзны ард буюу бэлтгэл дээр явагддаг. Жингээ хасахаас эхэлнэ. Саяны тулаанд би долоо хоногийн дотор 14 кг жин хаяж байж орлоо. Тэмцээн бол зүгээр л үзүүлэх тоглолт юм. Бэлтгэл дээр бүх чаддаг зүйлээ харуулж, бүгдийг нь гаргадаг. Хүн бүрийн бодол өөр. Би дотроо ийм л зүйл боддог.

-Тулаанд өрсөлдөгчөө ялсны дараа та нэг өвөрмөц хөдөлгөөн хийдэг юм билээ. Ямар учиртай хөдөлгөөн юм бэ?

-Монгол гээд омогшмоор санагддаг ч “Энэ ямар сагсуу юм бэ” гэнэ, огирохгүй болохоор “Хийморийн доройтолтой” гэнэ. Яасан ч шүүмжилнэ. Хэцүү шүү. Би ялахаараа “харвах” хөдөлгөөн хийдэг. Ялсан гэдгээ харуулах үндэсний хөдөлгөөн байх ёстой. Дараа нь өрсөлдөгчөө хүндлэх үүднээс босгож, гар барих ёстой. Би биш Монгол харагдана гэж бодож үйл хөдлөлөө хийдэг. Алдаа эндэгдэл гаргах үе байлгүй яахав. Тухайн үед сэтгэл хөөрсөн байх учир юу ч хэлж, юу ч хийж магадгүй шүү дээ.

-Таны бага нас хаана хэрхэн өнгөрч байв. Бага насны гэгээн дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

-Багадаа царайлаг хүүхэд байсан. /инээв.сурв/ Бас их сахилгагүй хүүхэд байлаа. Найзуудтайгаа нийлж үймүүлнэ. Ийш тийш гүйнэ. Зургадугаар ангиасаа “Спортын төв ордон” орж бэлтгэл хийдэг болсон. Миний аав боксын спортын мастер цолтой хүн. Тийм болохоор миний спортын замнал багаас минь тавигдсан. Би “Зуун айл”-д өссөн. Намайг бага байхад тэр хавь их сайхан, цэвэрхэн байсан юм. Харин арван жилээ төгсөх үеэр тэр хавиар архичид дүүрчихсэн. Энд тэндэхийн тэмцээнд оролцоод авсан шагналын мөнгөөрөө архичдад хоол авч өгөөд хамт амьдрал яриад суучихдаг байлаа. /инээв.сурв/ Цагаан сараар нэгийг нь оруулчихсан чинь араас нь баахан архичид цуваад ороод ирсэн байдаг юм. Тэднээс “Та яагаад архи уугаад байдаг юм бэ, архи уухгүй байж болдоггүй юм уу” гэж асуухад “Ахын дүү, намайг хэн ч хүлээж авахгүй байна шүү дээ. Хөөгөөд явуулчихдаг” гэж хариулдаг байлаа. Тэр үед ярилцаж байсан хүмүүс архичин ч гэсэн хувь хүн нь дотроо зөв хүмүүс байдаг. Миний бодлоор хамгийн цайлган, зөв хүмүүс архичин болчихдог юм шиг санагдсан шүү. Гэтэл сүүлийн үед мэдлэггүйгээсээ болж гудамжинд гарч, архичин болоод байх шиг байна. Багадаа ярилцсан тэр архичид дотор дарга явсан ч хүмүүс байсан. “Ах нь тэр аймгийн засаг дарга байсан” гээд ярих хүнтэй ч таарсан шүү. Дуучин Төмөрхуяг гуай ч тэнд явсныг санадаг. Одоо ихэвчлэн залуу хүмүүс архинд дурлаж, ууж байна. Харахаар сэтгэл өвддөг юм. Хааяа би таксинд яваад хүмүүсийн доторхийг уудалж, сайхан ярилцахыг хүсдэг.

-Бокс хэцүү спорт учир өөрийнхөө явсан хэцүү замаар үр хүүхдээ явуулахгүй гэж боддог эцэг эхчүүд олон байдаг. Таныг аав тань боксчин болгохгүй гэж байв уу?

-Үгүй. Хүн ер нь сахилгагүй хүүхдэдээ санаа зовдоггүй юм шиг байна.  Хэрэв миний хүү дуугүй, ноомой хүүхэд байсан бол хүүгээ зодолдуулахгүй гэх байх. Үеийнхэн дундаа хөдөлгөөнтэй байсан болохоор аав “Миний хүү бокс тогло” гэж хэлж байсныг санадаг юм. Тэгээд анхны тэмцээн болох өсвөрийн улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа. Тэр тэмцээнээс том урам авч, манай гэрийнхэн ч их баярлаж байсан шүү.

-ТУЛААНЫ СПОРТ СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД АСАР АЙДАСТАЙ СПОРТ-

-Сонирхогчийн бокст чамгүй амжилттай явж байгаад гэнэт орхиж холимог тулааныг сонгосон тань олон хүний сонирхол татдаг. Яагаад ийм шийдвэр гаргаж байв?

-Багаасаа спортоор хичээллэсэн учир тулаан гэдэг зүйл миний цусанд байгаа. Тулааны спортоор хичээллэж эхэлсэн даруйдаа “Бэлтгэл хийж л байгаа юм чинь тэмцээнд орно” гэж бодсон. Харин хүмүүс “Өө, Нандин-Эрдэнэ тулалдчихсан явж байна” гээд гайхаж байсан. Хүмүүсийн хувьд сонин л байсан юм шиг байна лээ.

-Рингэн дээр ялахын төлөө тэмцэлддэг бол, амьдрал дээр ялахын төлөө тэмцэлдэж байсан тохиолдол бий юу?

-Амьдралын төлөө тулалдаад л зүтгэж явна. Надад хор шар хөдөлдөг зан ааш байхгүй л дээ. Аливаа зүйлийг бодитоор ухаантайгаар харж шийдэхийг хүсдэг. Ер нь нөхөрсөг хүн дээ.

-Боксоор хичээллэж байх үе, тулааны спортоор хичээллэх үе хоёрын хооронд сэтгэл зүй хэр хол өөрчлөгдөв?

-Асар хол өөрчлөгдсөн. Өөр зүйл. Холимог тулаан маш айдастай. Бокс бол өрсөлдөгчийнхөө хоёр гарыг хараад л тулалдана. Сүүлийн үед малгайгүй тулалдуулдаг болсноор хөмсөг л задардаг болсон юм билээ. Харин тулааны спортод рингэнд гарахын өмнө “Би цохиулаад уначих болов уу, ухаан алдчих болов уу, хөл гараа хугалчих болов уу” гээд л олон зүйл бодогддог. Сэтгэл зүйн хувьд айдастай спорт юм.

-Солонгосын холимог тулааны “Road FC” бусдаас юугаараа ялгаатай, ямар онцлогтой холбоо вэ?

-Миний мэдэх “Road FC” холбоо бол хамгийн сайн тэмцээн зохион байгуулдаг, Азидаа хамгийн шилдэг нь. Сар бүр тэмцээн зохион байгуулдаг. Саяхан сая долларын шагналын сантай тэмцээн зохион байгуулсан. Дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид оролцуулдаг. Ер нь ямар ч тэмцээнд сайн тоглохгүй бол дараагийн тэмцээнд дуудахгүй байх магадлал өндөр. Тийм учраас би Монголчуудын нэрийг гаргахын рингэн гараад бүх зүйлээ дайчилдаг. Хоёрын хооронд зодолдчихвол дараа нь намайг дуудахгүй шүү дээ. Ялангуяа миний 70 кг жин өрсөлдөөн ихтэй. Орон орны тамирчинтай тулалддаг.  

-НАМАЙГ ДЭМЖЭЭД ӨГӨӨЧ ГЭЖ ХЭН НЭГНЭЭС ГУЙЖ ЯВСАНГҮЙ, МИНИЙ АМЬДРАЛ УЧИР БУСДАД ТӨВӨГ УДАХЫГ ХҮСДЭГГҮЙ ЮМ-

-Тулааны спортын шагналын санг хүмүүс сонирхдог. Амьдралд хүрэлцдэг үү?

-Тулааны мөнгө нь тоглолтоос тоглолтод өсдөг. Ямар тамирчинтай хэрхэн тоглохоос шалтгаалж бонус авна. Хэдэн раунд тоглов, хүнд цохилтоор ялсан зэрэг нь нөлөөлнө. Яг үнийн дүн хэлэхэд хэцүү байна. Мэдээж амьдралд хүрэлцэх хэмжээний мөнгө өгдөггүй шүү дээ. Нэг тулаан удлаа гэхэд 15 минут үргэлжилнэ. Тэрний дараа авч байгаа мөнгө нь сайхан ч, тэр хэмжээний зарцуулалт өмнө нь надаас гарсан байдаг. Ажлаа тасалж бэлтгэлээ хийнэ, жин хасна гээд л.

-Тулаанчид, мэргэжлийн тамирчид ивээн тэтгэгчтэй байдаг. Харин таныг цэвэр өөрийн хичээл зүтгэлээр явж байгаа тамирчин гэж сонсож байлаа. Хамтран ажиллах саналууд ирдэг л биз дээ?

-100 хувь өөрийнхөөрөө явж байна. Ивээн тэтгээд, шаардлагатай бүх зүйлээр туслах хүн байвал илүү өндөр амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй явдаг. Гэхдээ намайг спонсорлооч, дэмжээд өгөөч гэж хэн нэгнээс гуйж явсангүй. Яагаад гэвэл энэ миний л амьдрал учраас бусдад төвөг удахыг хүсдэггүй.

-Солонгост байж байгаад эх орондоо ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна. Монголын нийгмийн юунд хамгийн их шүүмжлэлтэй ханддаг вэ?

-Юун түрүүнд сэтгэл дутаж байна, хоёрдугаарт хариуцлага тооцох систем алга. Солонгост бүх зүйл хариуцлагатай. Бүгд хийсэн ажилдаа эзэн байдаг.

-Таны цээжин дээрх шивээс анхаарал татдаг. Хэзээ шивүүлсэн бэ?

-Миний эхнэр юм. Өнгөрсөн жил шивүүлж байлаа.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Эхнэр, хүү охин хоёрынхоо хамт амьдардаг. Том хүү маань есөн настай, охин маань долоон настай.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ