Налайхын АН-ын Н.Гансүхийн дагуулан ирж, намдаа элсүүлсэн М.Дэнсмаа нь 2022 онд МАН-д элсэж, саяхан Эмэгтэйчүүдийн холбооны УЗ-ийн гишүүн болжээ

Налайхын АН-ын Н.Гансүхийн дагуулан ирж, намдаа элсүүлсэн М.Дэнсмаа нь 2022 онд МАН-д элсэж, саяхан Эмэгтэйчүүдийн холбооны УЗ-ийн гишүүн болжээ

МАН-ын II дугаар Бага хурал өнгөрсөн баасан гараг /2026.02.27/-т болж өндөрлөсөн. Уг хуралд Ардчилсан намын гишүүнээр саяхан элсэж, тус намын дарга О.Цогтгэрэлээс "гэрэгэ" гардаж авсан М.Дэнсмаа гэх эмэгтэй оролцсон нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

-Н.ГАНСҮХ, Ж.ОТГОНБАЯР НАР 20 ГАРУЙ ХҮН АН-Д ЭЛСҮҮЛЖ,  О.ЦОГТГЭРЭЛ, С.ЭРДЭНЭБОЛД НАР БАТЛАХЫГ НЬ ГАРДУУЛЖЭЭ-

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.10 дугаар зүйлд “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.  Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” гэж заасан.

Нам бол үзэл санааны нэгдэл. МАН нь зүүн төвийн социалист үзэл баримтлалтайгаа зарласан бол Ардчилсан нам эсрэгээрээ баруун төвийн үзэл баримтлалтай юм. Энэ ч утгаараа нэг нь эрх баригч нөгөө нь сөрөг хүчний байр сууринаас ажиллах ёстой. Энэхүү үзэл баримтлалаараа гишүүд нь нэгдэн, нийлэх эрх чөлөөтэй юм. Гэтэл хоёр намд элсэх, үйл ажиллагаанд нь зэрэг оролцох нь зарим талаар шүүмжлэл дагуулах нь аргагүй.

Тодруулбал, М.Дэнсмаагийн хувьд энэ оны хоёрдугаар сарын 02 /2026.02.02/-ны өдөр Ардчилсан намд элсэж, тус намын дарга О.Цогтгэрэлээс батлахаа гардан авсан байдаг. Тус нам “Нээлттэй, цэгцтэй – Ардчилсан Нам” үндэсний аяныг энэ өдрүүдэд зохион байгуулж буй бөгөөд уг үйл ажиллагааны хүрээнд тус намд олон гишүүн шинээр элсэн орж байна.

Үүнд Ардчилсан намын шат, шатны гишүүд ч идэвхтэй оролцож байгаа бөгөөд Налайх дүүргийн АН-ын хорооны дарга Н.Гансүх, Үндэсний хорооны гишүүн Ж.Отгонбаяр нар тэр өдөр /2026.02.02/ 20 гаруй залуусыг АН-ын дарга О.Цогтгэрэлийн өрөөнд дагуулан, ирж намдаа гишүүнээр элсүүлжээ.

2026.02.02-ны өдөр АН-д эдгээр залуус элсэж, О.Цогтгэрэл батлахыг нь гардуулжээ

Эдгээр 20 гаруй хүний дунд М.Дэнсмаа гэх эмэгтэйг Н.Гансүх дагуулан ирж Ардчилсан намд гишүүнээр элсүүлсэн байна. Харин эдгээр залууст тус намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нар намын батлах "гэрэгэ"-г нь гардуулж, үг хэлж, амжилт хүссэн байна. 

Зургийн голд Налайх дүүргийн АН-ын дарга Н.Гансүх. 2026.02.02

-М.ДЭНСМАА 2022 ОНД БАЯНХОНГОР АЙМГИЙН НАМЫН БҮРТГЭЛЭЭР МАН-Д ЭЛССЭН БАЙЖЭЭ-

Ардчилсан намд элсээд ийнхүү ганц сар болоогүй байсан М.Дэнсмаа нь МАН-ын Бага хурлын үйл ажиллагаанд оролцож, индэрт сууж зургаа авахуулсан байдаг. 

Тэгвэл М.Дэнсмаа нь аль эрт буюу 2022 онд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны бүртгэлээр тус намд элсжээ. Үүнээс хойш тус намын үйл ажиллагаанд оролцож яваад өнгөрөгч хоёрдугаар сарын 14 /2026.02.14/-ны өдөр хуралдсан МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны хурлын үеэр тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болсон байна.

МАН-ын Бага хуралд оролцож буй М.Дэнсмаа. 2026.02.27

Түүнийг Бага хурлын гишүүний мандатаар өнгөрсөн баасан гараг /2026.02.27/-ийн МАН-ын Бага хуралд оролцсон гэж байгаа ч Бодлогын хорооны хурал, зохион байгуулалтын ажилд л оролцсон байна. Түүнээс хараахан Бага хурлын гишүүн болоогүй байгаа ажээ. Улс төрийн үзэл баримтлалгүй олон хүн намуудад зэрэг элсэх үйл явц олон бий. Олон нийтийн сүлжээ хөгжсөн энэ цаг үед М.Дэнсмаагийн жишээ бол залуу үед том сургамж болсон үйл явдал гэдэг утгаар уг мэдээллийг хүргэж байна.