Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарснаас хойш 20 жил өнгөрч байна.
Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу Разак Багиндагийн эсрэг нийт 21 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс Малайзын Засгийн газрыг буруугүй гэж үзэн. Мөн С.Шаарийбууд олгох нөхөн төлбөрийн хэмжээг 5 сая ринггитээс 1.4 сая ринггит болгон бууруулахаар шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гарсны дараа Ш.Алтантуяа агсны аав Малайзын Дээд шүүхэд дахин гомдол гаргахаа мэдэгдсэн юм. Энэ хүрээнд С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзахаар болсон бөгөөд уулзалтын үеэр сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө.
Тэрбээр “Би анх удаа Монгол Улсынхаа төрд хандаж байна. Маш сайхан хүлээж авч байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Малайзын Засгийн газар миний эсрэг өргөдөл гаргаж, давж заалдсан. Өөрөөр хэлбэл, нэг иргэний эсрэг бүхэл бүтэн улс, түүний хууль, шүүхийн байгууллага тэмцэж ирсэн гэсэн үг. Харин би Малайзын Засгийн газрын эсрэг анх удаа шүүхэд хандаж байна. Малайзын Дээд шүүхэд гомдол гаргасан. Надад байсан ганц боломж энэ байлаа. Ганц иргэн давж заалдахаас гадна Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ төлөө асуудал тавих боломж нээгдэж байна. Засгийн газар миний саналыг хүлээж авсанд талархаж байна. Засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус ажлын хэсэг боломжит гаргалгааг судална. Үүнд хуульчид, хүний эрхийн байгууллагын төлөөлөл оролцоно. Зарим хүмүүс намайг мөнгөний төлөө явж байна гэж ярьдаг. Гэтэл би ‘Уучлаарай’ гэдэг үгийг л хэлүүлэхийн төлөө 20 жил зүтгэж байна” гэсэн юм.