Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Элчин сайд Н.Оюундарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг боломжтой бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.
Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгааг цохон тэмдэглэж, энэхүү бэлгэ дэмбэрэлтэй ойн жилд Бүгд Найрамдах Литва Улсыг хавсран Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Гитанас Науседа Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ нотлов.