Н.Алтанхуягтай холбоотой шүүгч нар түүний Хөгжлийн банкны хэргийг "цагаатгав" уу

Н.Алтанхуягтай холбоотой шүүгч нар түүний Хөгжлийн банкны хэргийг "цагаатгав" уу

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2026.03.04/ гурав дахь өдрөө үргэлжилнэ. Гурван жил орчим үргэлжилж, анхан шатны шүүхээс Улсын дээд шүүх, Улсын дээд шүүхээс анхан, улмаар давж заалдах шатны шүүх хүртэлх "замыг" туулсан эл хэргийн шүүх хурал өдгөө төдийлөн олны анхаарлыг татахгүй байна. Товчхондоо, Хөгжлийн банкны гэх хэрэг "Улиг" болжээ.

-Н.АЛТАНХУЯГ ШҮҮХ ХУРАЛ БОЛОХООС ДӨРӨВ ХОНОГИЙН ӨМНӨ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭ ЗАРЛАВ-

Харин энэ байдлыг зарим нэр бүхий улстөрчид овжин ашиглаж, "Гурван удаа цагаадаад байгаа хэргээр нь дахин шүүж байна" гэх агуулгыг нийгэмд тарааж, магадгүй давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож байж болзошгүй байна.   

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг давж заалдах шатны шүүх хурал болохоос дөрөв хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 26 /2026.02.26/-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч тодруулах сунгаанд оролцохоо албан ёсоор мэдэгдэж, /Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү/ улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй нь холбоотойгоор өөрийг нь шүүж байна гэх утгатай мэдээллийг түгээх болсон.

Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг үнэхээр гурван удаа цагаадсан уу, түүнийг улс төрийн зорилгоор ийнхүү шүүж байна уу, тэр үнэхээр хэлмэгдэж байгаа юу, эсвэл Н.Алтанхуяг нь Хөгжлийн банкны хэргээр улс төр хийж, магадгүй шүүхэд нөлөөлөхийг оролдож байна уу гэх олон асуулт хариултаа нэхэж байна. Нэгдүгээрт, Нийслэлийн прокурорын газраас "Хөгжлийн банкны хэргийн шүүгдэгчдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа" гэдгийг тодотгосон. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Товчхондоо, "Гурван удаа цагаадаад байгаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дахин шүүж байна" гэх цахим сүлжээнд гарсан мэдээлэлд хариулт өгчээ.

Хоёрдугаарт, Н.Алтанхуягийг улс төрийн зорилгоор шүүж байгаа юу гэдэг эргэлзээтэй. Ингэж хэлэхийн учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон ч уг шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүх хянаад хэргийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзээд түүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. 

Авто зам

-10 ЖИЛИЙН ДАРАА УЛС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ ЗАМЫГ Н.АЛТАНХУЯГИЙН ШИЙДВЭРЭЭР МӨНГӨ ТӨЛЖ ТӨРД АВСАН ГЭЖ ГЭРЧҮҮД МЭДҮҮЛЖЭЭ-

Гуравдугаарт,  тэр үнэхээр хэлмэгдсэн үү гэх асуулт. 2023 онд болсон Хөгжлийн банкны шүүх хурлын үеэр гэрчүүд маш ноцтой зүйлийг мэдүүлж байв. Тодруулбал, Зам тээврийн сайд асан, гэрч А.Гансүх "Говийн зам"-ын авто замыг төрд худалдан авах үндэслэл шаардлага байсан эсэхийг мэдэхгүй. Энэ талаар намайг сайдын алба хаших хугацаанд Зам тээврийн яамнаас ямар нэгэн санал аваагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлаа оруулах гэхээр Н.Батбаяр эсэргүүцдэг байсан. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлыг оруулах ёстой гэж хэлээд маргаан гарч байсан. 2013 онд энэ замыг төрд худалдан авах талаар надаас санал аваагүй, бичиг ч ирээгүй. Миний хариуцах ажлын жагсаалтад энэ талаар байхгүй байсан" гэдгийг гэрчилж байжээ. 

Харин Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга асан, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн дарга асан, гэрч Ч.Отгочулуу "Хамгийн гол нь Засгийн газрын тогтоол гарсан байна уу гэдгийг бид нар хардаг байсан. Засгийн газрын тогтоолтой байсан болохоор бид дээрх санхүүжилтийг олгохоор шийдвэрлэж байсан. 2014 оны нэгдүгээр сард дээрх асуудлыг хэлэлцсэн ТУЗ-ийн хурал дээр ийм зүйл яригдаж байгаагүй.

Ийм зүйл гэдэг нь концессын гэрээгээр баригдсан зам 10 жилийн дараа хоёр жил ашиглагдсан зам найман жилийн дараа Монгол Улсад үнэ төлбөргүйгээр төрийн мэдэлд шилжинэ гэдгийг мэдээгүй байсан.

Ийм зүйл яригдаагүй, Төлөөлөн удирдах зөвлөл дээр. Мөн тодорхой хугацааны дараа тухайн зам нь улсад үнэгүй авах гэрээтэй байсан талаар яригдах юм байна. Хурал дээр өөр асуудал яригдах байсан" гэж. Мөн Хөгжлийн банкны ТУЗ ийн гишүүн асан Б.Найдалаа "Засгийн газрын тогтоолын дагуу ажил хийгдэж байна гэж ойлгосон. Арван жилийн дараа төрд авах юм байна гэдгийг огт мэдээгүй" гэдгийг хэлж байсан байна. 

Нэг үгээр хэлбэл, гэрчүүд "10 жилийн дараа улс үнэ төлбөргүй авах замыг Н.Алтанхуягийн шийдвэрээр Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд авсан" гэдгийг гэрчилжээ.

Ийм байтал анхан шатны шүүх яагаад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгав гэдэг нь мөн л анхаарал татна.

-Н.АЛТАНХУЯГИЙН ХЭРГИЙГ ЦАГААТГАСАН ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН НӨХӨРТЭЙГӨӨ ХАМТ АН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБТ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ-

Хөгжлийн банкны гэх хэргийг шүүж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэргийг цагаатгасан шүүгч нар нь түүнтэй холбоотой, сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан, мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед зөвлөхөөр нь ажиллаж байхад нь шүүгчээр томилогдсон шүүгч нар байжээ.

Нарийвчилбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч А.Мөнхсайхан нар Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэрэгт гэм буруугүй хэмээн цагаатгасан байдаг.

Харин шүүгч Ж.Болдбаатарын тухайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа түүнийг Хэнтийн Өндөрхаан хотын АН-ын даргаар томилж, дараа нь Х.Баттулгын зөвлөх байхдаа Ерөнхий шүүгчээр томилуулсан байж болзошгүй гэх холбоо хамааралтай хүмүүс гэдгийг Ergelt.mn  мэдээллийн сайт нарийвчлан мэдээлж байжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Шүүгч А.Мөнхсайхан нь нөхөр Т.Баттөртэйгөө хамт АН-д хүчин зүтгэж иржээ. Эх сурвалж: Ergelt.mn

Харин А.Мөнхсайхан шүүгчийн хувьд тэрбээр нөхөр Т.Баттөрийнхөө хамтаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн үед АН-ын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж, түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын үед зөвлөхөөр нь ажиллаж байхад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар шүүгчээр томилогдож байсан нэгэн аж.

Хамгийн ноцтой нь Увс аймгийн шүүгчээр ажиллаж байсан А.Мөнхсайхан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болж ирээд Н.Алтанхуягийг цагаатгаж шийдвэрлээд, буцаад Увсын шүүх рүү томилогдсон байгаа юм. 

Эцэст нь өгүүлэхэд,  Хөгжлийн банкны хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж буй энэ үед тус хэрэгт шүүгдэж буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, шүүх хурлын үеэр хууль хяналтын байгууллагынхан руу "ноцож" байгаагийн цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ гэх хардлага, асуулт хариултаа нэхэж  үлдэв. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө