ХЭРИЙН МӨРӨӨР: "Хэнд ч хэлэхгүй" хөдөө гэр рүүгээ явсан 6 настай ихэр охид найман км замыг дан цамцтай туулж, хадны завсарт осгосон байдалтай олджээ

ХЭРИЙН МӨРӨӨР: "Хэнд ч хэлэхгүй" хөдөө гэр рүүгээ явсан 6 настай ихэр охид найман км замыг дан цамцтай туулж, хадны завсарт осгосон байдалтай олджээ

Хичээлээ тараад ирсэн ихэр охин цайгаа яаран уучихаад гадаа шулагналдан тоглоно. Тэд бол таван хүүхэдтэй айлын хамгийн бага ихэр охид. Энэ жил сургуулийн сурагч болж, сумын төвд нагац эгчийндээ суух болсон нь энэ. Тэдний гэр сумын төвөөс 28 километрийн зайд. Хэдхэн хоногийн өмнө Цагаан сарын амралт дуусч, хичээл эхэлсэн ч бяцхан зүрхэнд нь гэрийн бараа улам тодорчээ.

"ХҮҮХДИЙН ГЭНЭН ЯРИА ШИЙДВЭР БОЛОН ХУВИРЧ, ТЭД ГЭР РҮҮГЭЭ ДАН ЦАМЦТАЙ АЛХЖЭЭ"

“Чи гэрээ санаж байна уу. Хоёулаа гэртээ харих уу. Аав, ээж хоёр юу хийж байгаа бол” хүүхдийн гэнэн яриа шийдвэр болон хувирч, тэд гэр рүүгээ алхахаар хөдөлсөн байна. Гэрт орвол эгч явуулахгүй гэж бодсон тул дан цамц, өмдтэйгөө, хөтлөлцөн замд гарчээ. Өдрийн нар жаргаж, уулсын сүүдэр уртассаар. Бүрий нөмрөх үед тэдний бараа тасарсныг нагац эгч нь мэдсэн байна.  Энэ явдал өнгөрсөн сарын 28 /2026.02.28/-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд болсон юм. Гэрээ санасан ихэр охид гэр лүүгээ алхсаар сураггүй алга болжээ. Ингээд 18:00 цагт сумын Цагдаагийн газарт анхны дуудлага ирсэн аж.

Ойрхон тоглож байсан хоёрхон хүүхэд гэнэт алга болсон нь сумыг тэр чигт нь хөдөлгөсөн юм.

Сумын цагдаагаар ахлуулсан ЗДТГ-ын алба хаагчид, багш, ажилчид нийлсэн 30 хүний бүрэлдэхүүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Тэд эхлээд сумын төвийн ойр орчмыг самнаж, цаашлаад 23 километрийн зайд орших ихэр охидын гэр хүртэл хайсан ч олж чадсангүй.

 

Говь-Алтай аймгийн Төгрөг сум.

"СУМЫН ТӨВӨӨС НЭГ КИЛОМЕТРИЙН ЗАЙД БАЙХ ГОЛЫН ЭРГЭЭС БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ГУТЛЫН МӨР ОЛЖЭЭ"

Харанхуй нөмрөх тусам уулсын сүүдэр уртасч, хад асга улам жиндэнэ. Хээрийн шөнө хотынхоос тэс өөр. Салхи нь хүртэл илүү ширүүн, чимээ нь хүртэл айдас дагуулна. Арга мухардсан алба хаагчид 22:25 цагт аймгийн Цагдаагийн газарт хандаж, нэмэлт хүч хүсжээ. Дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газрын 13 алба хаагч хоёр автомашинтайгаар 150 километр зам туулж, шөнийн 02:00 цагт сумын төвд ирэв. Ингээд аймаг, сумын цагдаагийн алба хаагчид болон нутгийн иргэд хамтран эрлийн ажиллагааг өргөжүүлэн эхлүүллээ.

Эрлийн ажиллагааг аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Бүрэнбаатар ахлан удирдсан байна. Эрлийн багийг хоёр хэсэгт хуваав. Нэг хэсэг нь сумын төвийн ойр орчмыг дахин нягтлан самнаж, нөгөө хэсэг нь сумын төвөөс 23 километрийн зайд байрлах “Төгрөгийн эх” багийн “Хөх хад” гэх газрыг чиглэн хайхаар болов.

Цагдаагийн алба хаагчид хоёр чухал сэжүүр олжээ. Нэгдүгээрт, “Хоёр бага насны хүүхэд алхаж байхыг харсан ч бүрэнхий байсан тул сайн ялгаж хараагүй” гэх иргэний аман мэдүүлэг. Хоёрдугаарт, сумын төвөөс нэг километрийн зайд байх голын эргээс бага насны хүүхдийн гутлын мөр илэрсэн явдал. Хэнийнх нь үл мэдэгдэх ганц гутлын мөр ч найдвар байж.

"ДАН ЦАМЦ, ГУТЛАА ТАЙЛАН ШИДСЭН БАЙСНААС ҮЗЭХЭД ТЭД ОСГОЛТЫН ЭХНИЙ ШАТАНД ОРСОН НЬ ИЛТ"

Ингээд шөнийн 02:00 цагаас эхлэн Төгрөг сумаас “Хөх хад” хүртэлх чиглэлд дахин самнажээ. Энэ удаа тэд голоо барин, салхи сөрөн, алхам бүрээ нягтлан урагшилсан байна. Уулын бэл, жалга судаг, хадны завсар бүрийг шалгана. Гар чийдэнгийн бүдэг гэрэл хадны ирмэг даган гулсаж, “Хүүхдүүд ээ” гэх дуудлага шөнийн харанхуйд цуурайтана. 

Цаг хугацаа өнгөрөх тусам осголтын аюул ойртож байлаа. Учир нь тухайн өдөр орон даяар цас орж, цасан шуурга шуурч байсан юм. “Гар чийдэнд нэг юм харагдах шиг боллоо” хэмээн нэг нь салхи сөрөн хашгирчээ. Дахин нягталж харахад ихэр охид хадан завсар бие биеэ налан, салхинаас хоргодон унтаж байв. “Олдлоо” гэх үг шөнийн харанхуйг сэтэлж, ар гэрийнхний нүдэнд нулимс цийлэгнүүлэв.

Дан цамц, гутлаа тайлан шидсэн байснаас үзэхэд тэд осголтын эхний шатанд орсон нь илт байлаа. Ихэр охидыг эсэн мэнд олсон цаг нь шөнийн 03:55 байв. Аврагчид тэднийг тэврэн гаргах мөчид уулын хүйтэн салхи хүртэл намдсан мэт санагдсан хэмээн ар гэрийнхэн нь дурссан юм. Гэрээ санан хөдөлсөн хоёр баяцхан охин дан цамцтайгаа найман километр хол алхжээ.

Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсний дараа ихрүүдийн биеийн байдал тогтворжиж, аюулгүй болсон талаар албаныхан мэдээлсэн байна. Хэрэв дахин багахан хугацаа алдсан бол хоёр бяцхан зүрх хорвоог орхих байжээ. Уудам нутагт төөрөх амархан. Харин олдох хүртэлх мөч бүр эцэг эхийн зүрхэнд бүтэн нас шиг урт байсан нь ойлгомжтой биз ээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө