Алс холын халуун, чийглэг уур амьсгалтай Вьетнам улсын Хөдөлгөөнт цагдаагийн дэргэдэх “Морьт цагдаагийн хороо”-нд 140 монгол адуу үүрэг гүйцэтгэж байгааг олон хүн мэдэхгүй байх. Эдгээр морьдыг Монгол, Вьетнамын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2020 оны арванхоёрдугаар сар /2020.12/-д манай улсаас Вьетнамын цагдаагийн байгууллагад морин эргүүлд ашиглах зорилгоор анх шилжүүлсэн.
Уг санал анх 2019 онд тухайн үеийн Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын сайд, тус улсын одоогийн Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад айлчлах үеэрээ тавьж, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид ирсэн байдаг. Үүний дагуу хоёр тал гэрээ байгуулж, 2020 онд 81 морь, дөрвөн азарга, 20 гүү нийт 108 монгол адуу Вьетнамд хүргүүлжээ. Өдгөө тэдгээр адуу өсөж үржин 140 гаруй тоо толгойд хүрч, эрэн хайх, аврах ажиллагаа, эмх замбараагүй нөхцөл байдлыг хянах, машин техник нэвтрэх боломжгүй уулархаг болон хилийн бүсэд эргүүл хийх зэрэг чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.
Вьетнамын хэвлэлүүд монгол адууг “эзэндээ ээлтэй, үүрэг гүйцэтгэхэд төгс” хэмээн онцолж, нийслэлийн төв талбайд морьт парад зохион байгуулан тэдний тэсвэр, хийморийг сурталчилж иржээ. Үүний үр дүнд Вьетнамын талаас дахин 100 адуу авах санал хүртэл тавьсан байна. “Дэлхийн морьтнууд” төслийн санаачлагч Ю.Үнэнбүрэн Вьетнамд очихдоо монгол морьд халуун, чийглэг уур амьсгалд дасан зохицож, морьт цагдаатайгаа уялдаа холбоотой ажиллаж буйг олон нийтэд түгээсэн нь олны анхаарлыг татсан. Нүүдэлчин монголчуудын тэсвэр хатуужлыг илтгэх мэт дүр зураг тэнд харагдаж байв.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ВЬЕТНАМ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ МОРЬДОО ЭРГҮҮЛЭН АВЧРАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАВ-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд Вьетнам улсад төрийн айлчлал хийх үеэрээ үүрэг гүйцэтгэж байгаа монгол морьдоо эргэж очин танилцсан байдаг. Ингэхэд тухайн адуунууд монгол хүн хараад хөөрч баярлан янцгааж, өрөвдмөөр дүр зурагтай байсан гэлцдэг.
Үүний талаар Гадаад харилцааны сайд Г.Батцэцэг “Морьд маань монгол хүн очихоор үнэрээр нь таньж, янцгаадаг юм билээ” хэмээн өгүүлжээ.
Ийн морьдынхоо нөхцөл байдлыг нүдээр үзээд буцаж явах үедээ Ерөнхийлөгч тэднийг эх нутагт нь эргүүлэн авчрах шийдвэрээ гаргаж байв. Тэр ч байтугай Вьетнам руу дахин адуу явуулбал тэдгээрийг ч мөн харь улсад үлдээхгүй, заавал эх оронд нь аваачна хэмээлээ. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа буюу 2024 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад айлчлах үеэр хоёр тал морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр албан ёсоор тохиролцжээ.

- МОРЬДЫГ АВЧРАХАД МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭР, ЛОГИСТИКИЙН ЦОГЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ-
Гэсэн ч 140 гаруй адууг олон улсын хил дамнуулан тээвэрлэх нь энгийн шийдвэр биш. Өмнөх шилжүүлгийн гэрээ, өмчлөлийн нөхцөл, хариуцлагын заалтыг тодорхой болгохоос гадна мал эмнэлэг, хорио цээр, даатгал, логистикийн цогц зохион байгуулалт шаардлагатай. Халдварт өвчний шинжилгээ, вакцинжуулалт, тусгаарлалтын дэглэм, тээврийн зориулалтын нөхцөлийг олон улсын стандартын дагуу хангах бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд одоогоор мал эмнэлэг, хилийн хорио цээрийн асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилж байна.
Улмаар Засгийн газрын хуралдаанаар оруулж, эцэслэн шийдвэрлэх юм. Морьдыг ирэх тавдугаар сар /2026.05/-д багтаан эх оронд нь авчрахаар төлөвлөөд байна. Шадар сайд Х.Ганхуягийн мэдээлснээр адууг эх оронд нь буцаан авчрахтай холбоотой үндсэн тээврийн зардлыг Вьетнамын тал бүрэн шийдвэрлэсэн байна.
Эх орондоо ирсэн морьдыг долоодугаар сарын 11 /2026.07.11/-нд зохион байгуулах “Дэлхийн адууны өдөр”-ийн фестивальд оролцуулж, дараа нь төрсөн нутгийн зүг жолоо залан, адуун сүрэгт нь нийлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Алс холын Вьетнамд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, батлан хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн 140 монгол адуу ийнхүү нутаг буцаж ирэхээр бэлтгэж байна.