Улаанбаатар метро төслийн хүрээнд хүний нөөц бэлдэх хамтран ажиллах санамж бичгийг ШУТИС, “Духуа Инженеринг” ХК-тай хамтран байгуулж, хоёр улсын хамтарсан 2+2 боловсролын хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС-д метроны чиглэлээр 51 оюутан суралцаж байна. Харин өнөөдөр /2026.03.06/ нийслэлийн тэтгэлгээр магистрт суралцахаар долоон оюутан БНСУ-ыг зорихоор хариуцлагын гэрээ байгууллаа. Халла их сургуульд суралцах магистрын долоон оюутан төгсөж ирээд Улаанбаатар метро, Улаанбаатар трам төсөлд ажиллах эсвэл ШУТИС-д метроны чиглэлээр багшлах юм. Дээрх уулзалтад ШУТИС-ийн ректор Т.Намнан, ШУТИС-ийн МИТС-ийн захирал Н.Пүрэвдорж, Хөтөлбөр хариуцсан, Халла их сургуулийн профессор Хуанбо Жаг, “Духуа Инженеринг” ХК-ийн ерөнхий менежер Кан Гаын нар оролцлоо.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар метро төслийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор БНСУ-ын Халла их сургуультай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх магистрын долоон оюутанд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 100 хувийн тэтгэлэг хоёр жилийн хугацаатай гардуулж, хариуцлагын гэрээ байгууллаа. Оюутнууд энэ хавраас сургуульдаа суралцана" гэв.