Монгол Улсад зарагдаж буй амьд цэцгийн баглаа, гоёл чимэглэлийн ургамал нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй химийн бодис агуулдаг гэх мэдээлэл цацагдсан. Харин энэ мэдээлэл нь үндэслэлгүй болохыг ГЕГ-аас албан ёсоор мэдэгдлээ.
Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр Замын-Үүд боомтоор импортолсон сарнай болон лили (сараана) цэцгийн дээжид пестицидийн үлдэгдлийг тодорхойлох лабораторийн шинжилгээ хийжээ. Шинжилгээг нимгэн үеийн хроматографийн аргаар гүйцэтгэхэд хлорорганик болон фосфорорганик төрлийн пестицидийн үлдэгдэл илрээгүй гэсэн дүн гарсан байна. Мөн ургамал болон ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө холбогдох мэргэжлийн байгууллага тухайн бараанд эрсдэлийн үнэлгээ хийж, “Импортын мэдэгдэл” олгодог журамтай аж. Түүнчлэн амьд цэцэг, гоёл чимэглэлийн ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулсны үндсэн дээр нэвтрүүлдэг байна. Үүнд:
- Мэргэжлийн байгууллагаас олгосон “Импортын мэдэгдэл”
- Экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ”
- Гадаад худалдааны дагалдах баримт бичиг
- Лабораторийн шинжилгээний дүгнэлт зэрэг багтна.
Б.Ану