Цагдаагийн байгууллагаас 2025 оны 06 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газарт хяналт шалгалтыг зохион байгуулахад иргэн Б.О нь ховор амьтны жагсаалтад багтсан “Хүрэн баавгай” агнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.
Уг үйлдлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн байна. Тодруулбал иргэн Б.О- ийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны /эрүүгийн/ шүүхээс гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Хүрэн баавгай /Ursus arctos/ нь 12 сая 450 мянган төгрөгөөр үнэлсэн ба холбогдох хуулийн дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлэн хохирлыг нөхөн төлүүлсэн гэжээ.