Оксфордын их сургуулийн профессоруудын боловсруулсан коронавирусын эсрэг вакцин нь дархлааны хариу урвалыг өдөөж, эсрэг биет үүсгэж эхэлсэн талаар Европын хэвлэлүүд мэдээллэж эхэллээ.
Уг вакцины туршилтанд 1077 хүн хамрагдахад хүний биед коронавирусын эсрэг тэмцэх чадвартай эсрэг биет ба Т эсийг үүсгэсэн байна. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 90 орчим хувь нь эхний удаа вакцин хийлгэсний дараа коронавирусын эсрэг дархлаа тогтож, үлдсэн 10 орчим хувьд нь 2 дахь удаагийн давтан тарилтын дараа дархлаа тогтоож чаджээ. Судалгааны энэхүү үр дүн нь маш их найдвар төрүүлж байгаа боловч вирусиийг бүрэн дарангуйлах, илүү том хэмжээний туршилтын үр дүн хэрхэн гарах нь тодорхойгүй байна.
Их британид дараагийн арван мянган хүн дээрх туршилт хийгдэж байгаа бол нэмэлтээр Америкт 30 мянга, Өмнөд Африкт хоёр мянга, Бразилд таван мянган хүн дээр турших юм байна. Хэрэв туршилтын эдгээр үе шатууд амжилттай болвол энэ оны сүүл гэхэд вакцин албан ёсоор дэлхий дахинд тараагдаж эхлэх юм. Тус вакцинаас Их Британи улс 100 сая тунг аль хэдийн захиалаад байна.
Өнөөг хүртэл коронавирусын эсрэг тэмцэхэд анхаарлын төвд байсаар ирсэн зүйл нь эсрэг биет бөгөөд энэ нь бидний дархлааг хамгаалах хамгийн чухал хэсэг юм. Цусны цагаан эсийн нэг төрөл болох Т эсүүд нь дархлааны системийг зохицуулахад тусалдаг ба биеийн аль эсүүд халдвар авсан болохыг олж тогтоож, устгах чадвартай байдаг.
Оксфордын судалгааны бүлгийн мэргэжилтэн Эндрю Поллард ВВС-д өгсөн ярилцлагадаа: "Бид вакциныхаа судалгаанаас эсрэг биетийг гаргаж чадсандаа үнэхээр баяртай байна. Вакцин хийлгэхэд ямар нэгэн аюултай гаж нөлөө үзүүлээгүй боловч судалгаанд оролцсон хүмүүсийн 70 хувьд нь халуурах, толгой өвдөх зовиур илэрч байсан. Гэхдээ судлаачид үүнийг парацетамолоор шийдэж болно гэж ярилцаж байгаа” хэмээн мэдээлжээ.