Б.Энхбаяр: Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийг өргөн барина

Б.Энхбаяр: Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийг өргөн барина

Сүүлийн жилүүдэд орон сууцны барилгын суурийг цутгаж эхлэхтэй зэрэгцэн иргэдээс бэлэн мөнгөөр захиалга авч, улмаар барилга нь ашиглалтад ордоггүй, иргэд хохирч үлдэх төрлийн залилангийн хэрэг нэмэгдэх болсон. Энэ асуудлыг цэгцлэх зорилготой хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд уг төслийг дагалдуулан баригдаж дуусаагүй барилгын эрхийн бүртгэлийн асуудлаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа аж. Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалгыг давхардуулан авч бусдыг залилсан 2000 гаруй хэрэг бүртгэгдсэн бөгөөд залилангийн арга хэлбэр улам нарийсаж байгаа юм. Орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой залилангийн гэмт хэргийн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 304 хохирогчтой, 15.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 94 гүйцэтгэх баримт бичиг бүртгэгдсэн байдаг.  Иймд хууль эрх зүйн өөрчлөлтийг яаралтай хийж, барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүрийг тодорхой дугаар, байршилтайгаар кадастр болон улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх, дуусаагүй барилгын бүртгэлийг үнэн зөв, нийтэд ил тод болгох замаар орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгааг бодитоор хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.