Хотын дарга Х.Нямбаатар татвар төлөгчдийн мөнгийг хувийн хэвшлүүдэд хөнгөлөлттэй болон хүүгүй зээлж, такси бааз байгуулах төсөл санаачилсан. Үүнийг чөлөөт зах зээлийн зарчмаас гажсан, аль 2000-аад оны үед ихэнх нь дампуураад дууссан такси баазыг дахин бий болгож, түгжрэлийг бууруулахын тулд нийслэлд явах автомашины тоог хязгаарласан хэрнээ 2000 автомашиныг Улаанбаатарт нэмж явуулахаар төлөвлөж, таксины бизнес рүү хүртэл төр ордог болох төслийг санаачилсан нь олон нийтийн болоод аж ахуйн нэгж эрхлэгчдийн шүүмжлэлийг дагуулаад байсан. Гэвч уг төсөл хэрэгжихээр санхүүжилт нь 2026 төсөвт хэдийн суусан билээ.
-ХУВИЙН ХЭВШЛҮҮДЭД 16 ХУВИЙН ХҮҮТЭЙ БОЛОН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ОЛГОЖ, НЭГДСЭН ТАКСИ БААЗТАЙ БОЛГОХ ТӨСВИЙГ 2026 ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАЖЭЭ-
Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан уг төслийн талаар товч дурдвал, Улаанбаатар хотын такси үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах тухай тогтоолын төсөл бөгөөд энэ төсөлд дурдсанаар цахилгаан хөдөлгүүртэй 2000 автомашиныг таван жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбож, үйлчилгээнд явуулах тухай заасан байгаа юм. Ингэхдээ нийслэлээс нийт 77 тэрбум төсөвлөсөн байх бөгөөд 74 хувь буюу 56 тэрбум төгрөгийг 16.5 хувийн хүүтэй бизнесийн зээлээр авахаар тооцож, 26 хувийн санхүүжилтийг нь буюу 21 тэрбум төгрөгийг Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хүүгүй, 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлэхээр уг төсөлд тусгасан. Мөн хувийн хэвшлийн түншлэгчээр шалгарсан такси үйлчилгээ эрхлэгчид нь аж ахуйн буюу баазын системээр нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөгдөх, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэж дурдсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй такси дуудлагын үйлчилгээний компаниуд буюу UBcab, etaxi, aba taxi зэрэг газруудад хөнгөлөлттэй болон хүүгүй зээл олгож, нэгдсэн такси баазтай болгохоор төлөвлөж байгаа хэрэг.
Эл төсөл яригдаж эхэлсэн цагаас л олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Нэг талаас хувийн хэвшлүүдийг шахан хавчих бодлого баримталж, зах зээлийн эдийн засгаас гажиж, таксины бизнес рүү хүртэл төр ордог болж байна гэх шүүмжлэлийг хэлж байсан бол нөгөө талд түгжрэлийг бууруулна гэсэн хэрнээ 1000 автомашин авч, Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцуулах гэж байгаа нь түгжрэлийг багасгах бус нэмнэ гэдэг шүүмжлэлийг хэлж байсан. Тэгвэл энэ төслийн төсөв 2026 онд дараах байдлаар тусгагдсан байна.
-НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС БУЮУ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 20 ТЭРБУМЫГ ГАРГАЖ, ТАКСИ ХУДАЛДАН АВНА-
Нийтийн тээврийг хөгжүүлэх сан энэ жил буюу 2026 онд 34 тэрбум төгрөгийг захиран зарцуулахаар нийслэлийн төсөвт суулгасан бөгөөд үүнээс 20 тэрбумыг такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй болон хүүгүй нөхцлөөр зээлэх юм байна. Энэ 20 тэрбум төгрөгийг зургаан жилийн хугацаатай зээлэх бөгөөд жил бүр 3.3 тэрбум төгрөг эргэн төлөгдөх хэлбэрээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гаргахаар төлөвлөжээ. Удахгүй тендер зарлаж, хамтрагч хувийн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах аж.
Харин уг 20 тэрбум төгрөгийг улсын хөрөнгө оруулалтаар автобус авч, аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр ашиглуулж, орлогоос нь Нийтийн тээврийн санд тогтмол төвлөрүүлж, 20 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдсэн гэж тайлбарласан байна.

Түүнчлэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд НИТХ-ээр ТЭЗҮ батлагдсан. ТЭЗҮ-д тусгагдсанаар таксины нэг бүрийн үнэ 77 сая төгрөг байх бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн компани ямар машин авахаа сонгоно. Жолооч, инженер, техникийн ажилтан зэрэг 4573 хүн байнгын ажлын байртай болно гэжээ. Ямартай ч 2026 онд Улаанбаатар хотод 1000 такси явж эхлэх бөгөөд үүнд нийслэлийн төсвийн 20 тэрбумыг зарцуулах аж. Мөн уг төслийн ТЭЗҮ-д "BYD" үйлдвэрийн "E6" автомашиныг "яг тохирно" хэмээн онцлон дурдаж байсныг энд нэмж өгүүлье.
