УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг "бусдын биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулах" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Улмаар тухайн хэрэгт холбоотойгоор П.Сайнзориг гишүүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд энэ нь шүүхээр эцэслэгдэж, гэм буруу нь тогтоогвол тэрбээр нийтэд тустай ажил хийхээс зорчих эрхийг хязгаарлах ял сонсож магадгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэгд "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар өнгөрсөн хоёрлугаар сарын 05-ны /2026.02.05/ өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдсон байдаг.