Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 12 төрлийн тодорхойлолтыг таван хэлээр авах боломжтой боллоо

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 12 төрлийн тодорхойлолтыг таван хэлээр авах боломжтой боллоо

E-Mongolia буюу Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгодог 12 лавлагаа, тодорхойлолтыг таван хэл дээр авах боломжтой болжээ. Өмнө нь эдгээр лавлагааг зөвхөн англи хэл дээр гаргадаг байсан бол орос, хятад, солонгос, франц хэл нэмэгдсэн байна.

Иргэд: 

  • төрсний бүртгэлийн лавлагаа,
  • иргэний үнэмлэхийн лавлагаа,
  • гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
  • гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
  • иргэн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт,
  • нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
  • шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт зэрэг багтаж байна,
  • тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас,
  • хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас,
  • өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, жолоочийн лавлагаа,
  • дархлаажуулалтад хамрагдсан тодорхойлолт зэргийг таван хэлээр авах боломжтой. 

Эдгээр үйлчилгээ нь гадаадад суралцах, ажилд орох, виз мэдүүлэх зэрэг тохиолдолд иргэдэд илүү хялбар байдлыг бий болгох юм. Тухайлбал өмнө нь иргэд шаардлагатай баримт бичгийг орчуулгын төвөөр орчуулуулах шаардлагатай байсан бол одоо E-Mongolia системээс шууд олон хэл дээр авч ашиглах боломжтой болсон байна. Түүнчлэн НҮБ-ын албан ёсны дөрвөн хэл болох англи, франц, орос, хятад хэл дээр гарч байгаа нь олон улсын жишигт нийцэж байгаа юм. Үүн дээр Монгол Улсын иргэдийн хамгийн их зорчдог улсын хэл болох солонгос хэлийг нэмсэн байна. Иргэд үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх болон гар утсаа авч очиход хангалттай бөгөөд итгэмжлэлээр үйлчилгээ авах тохиолдолд итгэмжлэлийн хугацаа хүчинтэй байх, мөн авах гэж буй үйлчилгээ тусгагдсан байх шаардлагатай юм.