Иран дотоодын эсэргүүцлийг дарах зорилгоор "анхааруулга" тарааж, Ойрхи Дорнодод агаарын цохилтууд ширүүсэж байна

Иран дотоодын эсэргүүцлийг дарах зорилгоор "анхааруулга" тарааж, Ойрхи Дорнодод агаарын цохилтууд ширүүсэж байна

АНУ болон Израиль улс Ираны цэргийн хүчтэй агаарын цохилтоо үргэлжлүүлж байгаа энэ үед бүслэгдсэн Ираны засгийн газар дотоодын эсэргүүцлийн хөдөлгөөн дахин сэргэхээс сэрэмжлэн хатуу анхааруулга гаргасан байна.

Дайн 12 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр /2026.03.10/ бүс нутагт сүүлийн өдрүүдийн хамгийн хүчтэй бөмбөгдөлтүүдийн нэг болжээ. Үүний дараа өнөөдөр /2026.03.11/ Израиль Ливан болон Персийн булангийн бүс дэх байнууд руу дахин цохилт өгсөн тухай мэдээлжээ.

Мөргөлдөөн ширүүссэнээр дэлхийн хамгийн чухал тээврийн зангилааны нэг болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан замд ноцтой саад үүсээд байна. Учир нь энэ хоолойгоор дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн бараг тавны нэг нь дамжин өнгөрдөг юм. Даваа гараг /202603.09/-т түүхий газрын тосны үнэ огцом өссөн ч дараа нь буурч, хөрөнгө оруулагчид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дайныг ойрын хугацаанд зогсоох оролдлого хийх магадлалтай гэж үзсэнээр зах зээл тодорхой хэмжээнд сэргэжээ.

"Wall Street Journal" сонины мэдээлснээр Олон улсын эрчим хүчний агентлаг түүхий эдийн үнийг тогтворжуулахын тулд түүхэн дэх хамгийн их хэмжээний стратегийн газрын тосны нөөцийг зах зээлд гаргах талаар хэлэлцэж байгаа нь зах зээлд өөдрөг хүлээлт бий болгосон байна. 

Гэсэн хэдий ч Ираны Исламын хувьсгалт харуулын корпус АНУ болон Израилийн довтолгоо зогсохгүй бол Персийн булангийн орнуудаас газрын тос тээвэрлэх урсгалыг хаана гэж анхааруулсан байна. Одоогоор хоёр талын агаарын цохилт буурах шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа ажээ. 

Хувьсгалт харуулын корпус өчигдөр орой Катар дахь АНУ-ын Аль-Удейд цэргийн бааз, Иракийн Курдистан дахь Аль-Харир бааз руу пуужин харвасан гэж мэдэгдсэн бол үүний дараа Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Дхафра агаарын бааз болон Бахрейн дахь Жуффэйр тэнгисийн цэргийн бааз орчимд байрлах АНУ-ын цэргүүд рүү нисгэгчгүй онгоцоор довтолсон гэж мэдээлжээ.Мөн өнөөдөр өглөө Ираны төрийн хэвлэлүүд Бахрейн дахь АНУ-ын цэргийн байгууламжууд руу дахин нэг удаа халдлага хийсэн тухай мэдээлсэн байна.

Харин өнгөрөгч шөнө Тегеранд болсон бөмбөгдөлтийн талаар нэгэн оршин суугч Reuters агентлагт утсаар ярихдаа “Энэ бол там шиг байсан. Тэд Тегераны хаа сайгүй бөмбөгдөж байсан” хэмээн хэлжээ. Аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцалсан тэр хүн “Миний хүүхдүүд одоо унтахаас айж байна” гэж нэмж хэлсэн байна.

Дайныг зогсоох асуудал нь Ираны удирдлагын тогтвортой байдлыг хадгалахтай шууд холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Учир н Даваа гараг /2026.03.09/-т Иранд шинээр томилогдсон дээд удирдагч Можтаба Хаменеиг дэмжсэн томоохон жагсаал болсон байна. Тэрээр дайны эхний өдөр амиа алдсан эцгийнхээ залгамжлагчаар сонгогдоод байгаа юм. Гэвч Ираны олон иргэн улс төрийн өөрчлөлтийг хүсч байгаа бөгөөд зарим нь ахмад Хаменеигийн үхлийг ил тод тэмдэглэж байгаа тухай мэдээлэл гарчээ. 

Үргэлжилж буй дайны үеэр томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн илрээгүй ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны иргэдийг бослого гаргаж засгийн газраа түлхэн унагахыг уриалсны дараа Тегеран дотоодын хяналтаа улам чангатгаад байгаа ажээ. 

Ираны цагдаагийн дарга Ахмадреза Радан засгийн газрын эсрэг жагсаал дахин гарахаас сэрэмжлүүлж, “Дайсны уриалгаар гудамжинд гарч ирсэн хүн бүр эсэргүүцэгч биш, харин дайсан гэж тооцогдоно” гэж мэдэгдсэн байна. Тэрээр төрийн телевизээр ярихдаа “Манай бүх аюулгүй байдлын хүчин бэлэн байдалд байна” хэмээн онцолсон байна. Мөн Ираны Тагнуулын яам тус улсын “дайснуудад” тагнуул хийсэн хэрэгт холбогдуулан гадаадын иргэдийг оролцуулсан олон арван хүнийг баривчилсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters