УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал саяхан болсон /2026.02.27/ Монгол ардын намын Бага хурлынхаа үеэр, "УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа болон Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, “Үнэн” сонин эрхлэгч асан А.Амундра нарын дөрвөн хүнийг МАН-ын гишүүүнээс чөлөөлөх нь зүйтэй" гэж үзэж буйгаа мэдэгдсэн.
Улмаар Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах саналаа МАН-ын Хяналтын хороондоо хүргүүлсэн.
Тэгвэл МАН-ын дарга Н.Учралаас ирсэн уг саналыг Монгол ардын намын Хяналтын хороо ойрын хугацаанд хэлэлцэх гэж байгаа бөгөөд эдгээр дөрвөн гишүүдээс гадна Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Сонирхуулахад, Д.Тогтохсүрэн нь “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.