Удаа, дараа хахууль авсан улсын бүртгэгч, гаалийн байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Удаа, дараа хахууль авсан улсын бүртгэгч, гаалийн байцаагч нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны аравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд эрүүгийн 997 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, долоон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.


Мөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгаснаас 14-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14-т нь хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.А нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд нэр бүхий иргэдээс 13 удаагийн үйлдлээр их хэмжээний хахууль авч, бусдад давуу байдал олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын Хяналт хорио цээрийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Н, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан С.Б нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт мөн есөн хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж, нэг хэргийг өөр хэрэгтэй нэгтгэн шалгажээ. Одоогоор эрүүгийн 978 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж, хэрэг бүртгэлтийн хоёр хэргийн хүрээнд нийт 10 объектод нэгжлэг хийсэн байна.