Азийн наадамд Х.Баттулга, Х.Булгантуяа нараар ахлуулсан Монгол Улсын шигшээ 20 жилийн хугацаанд үзүүлээгүй тааруу амжилт гаргав

Азийн наадамд Х.Баттулга, Х.Булгантуяа нараар ахлуулсан Монгол Улсын шигшээ 20 жилийн хугацаанд үзүүлээгүй тааруу амжилт гаргав

Дөрвөн жилдээ нэг удаа зохион байгуулагддаг Азийн наадам энэ жил Япон Улсад зохион байгуулагдлаа. Тэгвэл манай улсын хувьд “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 27 дугаар байранд шалгарчээ. Медаль авсан баг тамирчдын хувьд ширүүн өрсөлдөөн үзүүлж, эх орныхоо далбайг өндөр мандуулсан ч багийн амжилтаар Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй тааруу амжилт гаргалаа.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Х.Булгантуяагаар ахлуулсан Монгол Улсын шигшээ баг жүдо бөхийн төрөлд К.Ёолк аваргын алтан медалийг хүртсэн бол мөн жүдо бөхийн тамирчин Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ.Харин 13 хүрэл медалийн ихэнхийг нь бөхийн төрлийн тамирчид авчирчээ. Бөхийн бус төрлөөр медаль авсан хэмээн харвал дугуй, бокс, и-спорт гэсэн төрлүүдээс тус бүр нэг хүрэл медаль хүртсэн байна. Үүнээс харахад бидний Азийн наадам гэлтгүй Олимпоос медаль хүлээдэг зарим спортуудын амжилт жил ирэх бүр муудсаар байна. Тодруулбал, буудлагын төрөл бол монголчуудыг ядаж нэг медаль авах боломжтой төрөл. Мөн боксын төрлөөр нэг хүрэл медаль хүртэж байна гэдэг  чамлалттай амжилт  гэж олон хүмүүс харж байна.

Монгол Улсын шигшээ багийн тамирчид  сүүлийн 20 жилийн Азийн наадмуудаас дараах тоогоор медаль авчээ.

  • 2006 оны Дохагийн Азийн наадмаас 15 медаль /2 алт, 5 мөнгө, 8 хүрэл/
  • 2010 оны Гуанжоугийн Азийн наадмаас 16 медаль/2 алт, 5 мөнгө, 9 хүрэл/
  • 2014 оны Инчёоны Азийн наадмаас 21 медаль /5 алт, 4 мөнгө, 12 хүрэл/,
  • 2018 оны Жакартагийн Азийн наадмаас 25 медаль /5 алт, 9 мөнгө, 11 хүрэл/,
  • 2022 оны Ханжоугийн Азийн наадмаас 18 медаль /2 алт, 5 мөнгө, 11 хүрэл/,

-970 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ТАМИРЧДААС БИД ӨНДӨР АМЖИЛТ ШААРДАХ НЬ ШУДАРГА БУС-

Тэгвэл яагаад шигшээ багийн амжилт тааруу байгаа вэ гэдэг асуулт хамгийн түрүүнд гарч ирнэ. Тэгвэл шигшээ багийн тамирчид олимп дэлхийгээс медаль хүртэж, амжилт гаргаагүй л бол 970 мянга орчим цалин авдаг. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд 970 мянган төгрөгөөр сарын хүнсний хэрэглээгээ ч авахад хэцүү болоод байна. Нэг ёсондоо ийм бага цалинтай тамирчдаас өндөр амжилт хүлээх шударга бус явдал болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оноос хойш олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон юм. Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосон байдаг.

  • Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөг
  • Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөг
  • Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөг
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал сар бүр олгодог байна.

-ОЛИМП, АЗИЙН НААДМААР ЯВАХ ДАРГА НАРЫН ТОО НЭМЭГДЭЖ БАЙГАА Ч ТАМИРЧДЫН АМЖИЛТ БУУРЧ БАЙНА-

Хэрэв тамирчин эдгээр тэмцээнүүдэд амжилт гаргаагүй л сарын 970 мянга орчим төгрөгийн цалин авна гэсэн үг болж байна. Энэ шалтгаанаас болж олон олон тамирчид амжилт гаргаж эхлэх тэр үедээ шантарч, амьдралын шаардлагаар өөр ажил хийх тохиолдол цөөнгүй гарч байна. Хэдий манай улсын спорт тодорхой хэмжээнд хөгжиж байгаа хэдий ч шигшээ багийн тамирчдынхаа цалин, хангамж дээр анхаарал хандуулахгүй бол бүх спортуудын амжилт мэдэгдэхүйц уруудаж эхэлжээ. 

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дэд ахлагчаар явсан байна. Гэхдээ эдгээр хүмүүс ямар үүрэг гүйцэтгэж, ямар зүйл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан Х.Булгантуяа хилийн хоригоо цуцлуулж шигшээ багийн дэд ахлагчаар томилогдсон ч үзэгчдийн суудлаас алга ташиж, дэмжихээс өөрөөр ямар нэгэн үзүүлж байгаа нөлөө гэх зүйлгүй төрийн мөнгөөр олимп, азийн наадам болгоноор явдаг олон дарга нарын нэг хэмээн олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Гэвч эдгээр дарга нарын оронд шигшээ багийн бүх тамирин дундаа "ядаж" нэг хоол зүйч аваад явбал тамирчдын амжилтад эерэг нөлөө үзүүлэх нь лавтай.