Б.Баярбаатар Эрүүгийн хуулийн "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэмт хэрэгт шалгагдах нөхцөлөө бүрдүүлсэн байж болзошгүй

Б.Баярбаатар Эрүүгийн хуулийн "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэмт хэрэгт шалгагдах нөхцөлөө бүрдүүлсэн байж болзошгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, төр буюу түмэн олноо төлөөлөхөөр сонгогдсон төрийн түшээд “үндэсний эв нэгдэл”-ийг хангах учиртай. Энэ бол нэн чухал бөгөөд энгийн асуудал. 

"ЖЕФФРИ ЭПШТЕЙНИЙ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ БОЛЛОО"

Гэтэл төрийн минь сүлд өршөө хэмээн сүсэлдэг монголчуудын эв нэгдлийг хангах учиртай төрийн түшээ нь саарал ордондоо “хүүхэд шараад идчихсэн, зарчихсан” гэх агуулгатай үг яриаг энгийн зүйл мэт хэлж сууж байна. Тодруулбал, Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын гишүүд энэ сарын 7-нд зохион байгууллаа. Уг сонсголыг УИХ-ын албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулсан.

"СОНСГОЛД Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЗӨВЛӨХ Л.ПҮРЭВСҮРЭНГ ОРУУЛААГҮЙ БОЛ ГОЛ ДҮР НЬ ЖАГСАГЧИД БАЙВ"

Гэвч энэ сонсголд асуудлын гол гэрчүүдийн нэг болох, Эпштейнтэй цахим шуудангаар харилцсан гэх Гадаад харилцааны сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэнг оролцуулаагүй. Харин сонсголын гол дүрүүд нь Оюутолгойг эсэргүүцэгч н.Дугардорж, вакцины эсрэг жагсаалд оролцож байсан н.Отгонцэцэг нарын хүмүүс байлаа. Үнэндээ энэ дунд хүний эрүүл ухаан, ой тойнд багтахааргүй зүйл ярьсан хүн цөөнгүй байв.  

"ЦАХИМ ШУУДАНД ГАРСАН МОНГОЛ ОХИНЫГ ЗАГВАР ӨМСӨГЧ ЭМЭГТЭЙ МОНГОЛ УЛСААС АВЧ ГАРСАН"

Харин мэргэжлийн байгууллага болох ЦЕГ болон шинжээчдийн хэлсэн үг, өгсөн мэдээлэл харьцангуй өөр байлаа. Тухайлбал, шинжээч Жеффри Эпштейний цахим шууданд гарсан монгол охиныг загвар өмсөгч эмэгтэй Монгол Улсаас авч гарсан гэх мэдээлэл өгсөн бол ЦЕГ-аас Ц.Элбэгдоржийн үрчилж авсан 22 хүүхэд Монгол Улсад амьдарч байгаа гэх мэдээллийг өгсөн.  Тэд бол мэргэжлийн байгууллагын төлөөлөл, тодорхой мэдээлэлтэй хүмүүс. Гэсэн ч Б.Баярбаатарын зүгээс дээрх мэдээллийг хүлээн зөвшөөрөөгүй байр суурь илэрхийлсэн. Сонсголын үеэр Ц.Элбэгдорж, Жеффри Эпштейнтэй холбоотой асуудал ярихгүй бол хэрэггүй гэх агуулгаар оролцогчдын үгийг тасалж, хэлүүлэхгүй байсан тохиолдол ч гарлаа.

"ТӨРИЙН ТҮШЭЭ НЬ 21-Р ЗУУНД ХҮҮХЭД ШАРААД ИДЧИХСЭН, ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛААЧ ГЭВ"

Тэрээр Шихихутагт сурч, байнгын хорооны даргын туслахаас ажлын гараагаа эхлүүлж, улмаар 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын 11 дүгээрт бичигдэн УИХ-ын гишүүн болсон. Түүнд олонд танигдах, нэр хүнд олох, иргэдээс оноо авах, улс төр хийх сонирхол байж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ тоглож болох тоглоом, ярьж болохгүй сэдэв гэж бий. Харин энэ удаагийн сонсголыг зохион байгуулсан хэлбэр, сонсголын үеэр хэлсэн үг, хөндсөн асуудлууд нь үнэндээ давж болохгүй жанжин шугамыг давчихлаа. 

Бид хүүхдийг ирээдүй хэмээн тодотгож, хүүхдийн асуудлыг үргэлж нэгдүгээрт тавьж ирсэн. Бүх байгууллага чадлаараа хүүхдийн асуудлыг анхаардаг. Тухайлбал, хүүхэд холбогдсон гэмт хэргийг шүүх хаалттай хэлэлцдэг. Улмаар холбогдох мэдээллийг нууцалдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдээс ярилцлага авах шаардлага гарвал заавал эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй ярилцлага авдаг. Улмаар нийтлэхдээ дуу хоолойг өөрчлөх, царайг нь нуух зэргээр хүүхдийн эрхийг ямагт нэгдүгээрт тавьдаг. Гэтэл төрийн ордонд төрийн түшээ нь 21-р зуунд “хүүхэд шараад идчихсэн”, “хүүхдүүдээ хамгаалаач” гэх агуулгатай зүйл ярьж сууж байна.

"ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ БУСНИУЛАХ НЬ ГЭМТ ХЭРЭГ"

Үүнийг хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд хүртэл хүчтэй шүүмжилж байгаа бол иргэд, олон нийт ч энэ асуудлаас болж талцаж, хуваагдаж байна. Түүний зохион байгуулсан энэ удаагийн сонсгол нь Эрүүгийн хуульд заасан “үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг ч хөндөхөөр байна. Учир нь уг зүйл ангид зохиомол ажиллагаа буюу нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшралыг бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан гэмт хэрэг хамаардаг. Саяхан нэр бүхий нэг хүн энэ зүйл ангиар шалгагдаж, 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Тиймээс хэн ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдаж, бусдаас давуу эрхтэй байж болохгүй. Тэр тусмаа хүүхдийн асуудлыг хөндөж, олон нийтийн санаа бодлыг туйлшруулж, хүмүүсийг үзэл бодлоор нь хооронд нь дайсагнуулах нөхцөл үүсгэж болохгүй. Энэ нөхцөлд заавал иргэдийн гомдол гэхгүй цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа эхлүүлж болно. Мөн Үндсэн хуулийн цэцэд иргэд гомдол гаргах ч боломжтой юм.

Цаашилбал, энэ нөхцөлд төрийн түшээдийн хийх ажил багадаад байна уу ч гэж харж болно. Ирэх оны төсөв, утаа, түгжрэл, бензин, эрчим хүч гээд монголчуудын өмнө шийдвэрлэх ёстой олон асуудал байна. Төрийн ордон бол улс төрийн оноо авах, олон нийтийн анхаарлыг татахын тулд ямар ч сэдвийг хөнддөг талбар биш. Хүүхдийн эрх, хүүхдийн нэр төр, үндэсний эв нэгдэл бол улс төрийн тоглоом биш. Эцэст нь, дэлхий Монголыг, Монголын төрийг харж байгаа шүү гэдгийг таныг сонгосон олон нийт сануулсаар байна. Эрхэм гишүүд ээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө