Т.Баярхүү: Баавгайг унтуулах буу худалдан авах ажил үргэжлилж байгаа

Т.Баярхүү: Баавгайг унтуулах буу худалдан авах ажил үргэжлилж байгаа

Баавгайтай холбоотой асуудлаар УОК, БОУАӨЯ, Экологийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. 

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон баавгайг устгасан 20 тохиолдол байна. Малчин айлын хот руу баавгай ойртоход иргэд амь насаа хамгаалах зорилгоор баавгайг хөнөөсөн тохиолдол бүртгэгдсэн. Орон нутагт шуурхай ажлын хэсгүүдийг байгуулсан. 

Хоёр сарын өмнөөс баавгай суурьшлын бүс рүү орж эхэлсэн. Баавгай суурьшлын бүс нутагт идэш тэжээлийн хомсдол үүссэн. Мөн тоо толгой өссөн гэсэн урьдчилсан мэдээлэл байна. БОУАӨ-ийн сайдын албан даалгаврын хүрээнд хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан бол шууд устгах арга хэмжээг авч байна. Баавгайг унтуулах буу авах төсвийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Одоо худалдан авах ажиллагаа явж байгаа.

Баавгайд бариулж амиа алдсан, гэмтсэн иргэн болон орон нутагт эд хөрөнгөөрөө хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцсан. Төсвийг шийдвэрлэх шатанд яваа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд баавгайтай холбоотой гурван мэдээлэл бүртгэгдсэн. Хоёр нь хиймэл оюун ухаан ашиглаж хийсэн зураг байсан. Нэг дуудлага нь хяналтын камерт баавгайтай төстэй зүйл үзэгдсэн учраас орой болтол ажилласан. Дуудлага бүрт очиж ажиллаж байгаа учраас худал дуудлага өгөхгүй байхыг анхааруулж байна" гэв.