АНУ-ын Калифорни мужийн Беркли хотод ажиллаж байсан инженер Дэвид Сю хамт ажилладаг эмэгтэйнхээ хоол, усанд хортой хүнд металл болох кадми хийж, 18 орчим сарын турш хордуулсан хэрэгт холбогджээ. Тэрбээр тэнсэн харгалзах ялаа эдэлж дууссаныхаа дараа гэмт хэргийн ял шийтгэлийн бүртгэлээ хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Хамт ажилладаг хүнийхээ усанд кадми хийж хордуулсан этгээд ял шийтгэлээ хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ
— iSee.mn (@iSee_MN) October 13, 2026
УНШИХ: https://t.co/qpRjRv2Ooi pic.twitter.com/NfEtoBKkpR
Тодруулбал, хохирогч Рон Юань 2017-2019 оны хооронд шалтгаан нь тодорхойгүй эрүүл мэндийн асуудалтай тулгарч, зарим үед биеийн байдал нь хүндэрсний улмаас яаралтай эмнэлгийн тусламж авч байжээ. Ингээд тэрээр хоол, усандаа ямар нэгэн зүйл орсон байж болзошгүй гэж сэжиглэн, ажлын ширээн дээрээ нууц камер байрлуулсан байна.
Харин 2019 онд бичигдсэн дүрс бичлэгт Дэвид Сю түүний усны саванд ямар нэгэн бодис хийж буй нь харагджээ. Улмаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгалт явуулж, Сюг тухайн жил баривчилсан байна.
Түүнийг хүний амь насанд халдахыг завдсан болон хордуулсан гэх хоёр зүйл ангиар буруутгажээ. Эдгээр хэргээр ял шийтгүүлсэн тохиолдолд бүх насаар хоригдох ял авах боломжтой байсан аж. Гэвч прокурортой байгуулсан тохиролцооны дагуу хүний амь насанд халдахыг завдсан гэх зүйл анги болон хордуулсан гэх нэг зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон байна.
Сю үлдсэн нэг зүйл ангийн хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй ч ял шийтгэлийг эсэргүүцэхгүй гэсэн байр суурь илэрхийлж, хоёр жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Түүний өмнө цагдан хоригдсон нэг өдрийг ял эдэлсэн хугацаанд тооцсон байна. Сю 2026 оны гуравдугаар сард тэнсэн харгалзах ялаа дуусгасан бөгөөд одоо гэмт хэргийн ял шийтгэлийн бүртгэлээ хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ. Хохирогч энэ хүсэлтийг эсэргүүцэж байгаа бөгөөд ял шийтгэлийн бүртгэлийг хүчингүй болгосноор ирээдүйн ажил олгогчид түүний үйлдлийн талаар мэдээлэл авах боломж хязгаарлагдаж болзошгүй гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: CBS News