Балбын төв хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд гол үерлэсний улмаас явган аяллын зам, гүүрүүд урсаж, 100 гаруй гадаадын жуулчин өөр өөр байршилд гацсан талаар даваа гарагт мэдээлжээ.
Тодруулбал, нийслэл Катманду хотоос баруун зүгт 100 орчим километрийн зайд орших Горха дүүрэгт хөрсний нуралт болж, Будхи Гандаки голын урсгалыг хааснаар голын доод урсгал дагуу үер буусан. Эрх баригчид даваа гарагт 12 гадаадын иргэн багтсан нийт 321 хүнийг авран хамгаалжээ. Балбын армийн мэдээлснээр, голын усны түвшин буурсан ч аврах ажиллагааг мягмар гарагт үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Будхи Гандаки гол нь Тришули голын цутгал юм. Тришули голын өөр нэг цутгалын эхэнд наймдугаар сард мөсөн голын нуралт үүсэж, гамшигт үер буусны улмаас 1,457 хүн амиа алдаж, олон мянган хүн сураггүй болсон талаар өмнө нь мэдээлж байв. Энэ удаагийн үерийн улмаас хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл одоогоор гараагүй байна. Гэвч хар шавар, нуранги бүхий хүчтэй урсгал айлуудын байшинг урсгаж, дэд бүтцэд ихээхэн хохирол учруулжээ. Мөн усан цахилгаан станцын гурван байгууламж гэмтсэн байна. Гамшгийн асуудал хариуцсан үндэсний байгууллагын мэдээлснээр, үерийн дараа орон нутгийн таван иргэнтэй холбоо тогтоож чадаагүй байгаа аж. Манаслугийн байгаль хамгааллын бүсийн төслийн албан тушаалтан Бхуван Раж Ожагийн мэдээлснээр, тус бүсийн алдартай явган аяллын замын зарим хэсэг үерт урсаж, буцаж гарах боломжгүй болсон тул 100 гаруй гадаадын жуулчин өөр өөр байршилд гацжээ.