Ховд аймгийн Үенч суманд БНХАУ-аас хууль бусаар хил давуулан оруулж ирсэн ямаатай нэг хотонд байсан ухныг зөөвөрлөж авчирсны улмаас хоёр өрхийн 175 ишгийг устгалд оруулжээ.
Тодруулбал, годрон өвчин илэрсэн бүс нутагт байсан, хууль бусаар хил давуулан оруулж ирсэн ямаатай нэг хотонд байсан ухныг Ховд аймгийн Үенч сумын малчны хотонд авчирсан байна. Тус ухна нь тухайн айлын ишигнүүдтэй нэг хотонд байсан тул халдвар тархах эрсдэлээс сэргийлж устгалд оруулах шийдвэр гаргажээ. Энэ талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл мэдээлсэн байна. Хэдийгээр шинжилгээгээр годрон өвчний халдвар илрээгүй ч уг өвчний нууц үе 45 хоног хүртэл үргэлжилдэг аж. Иймээс цаашид халдвар тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор тухайн хотны малыг устгалд оруулах шийдвэр гаргажээ.